Хятадын уламжлалт хэв маяг, онцлог шийдлүүдийг шигтгэсэн Шанхай цамхаг

Шанхай хот үзэж харах юмаар арвин. Хотын олонд танигдсан хамгийн том илэрхийлэл бол Пүдүн дүүргийн Шанхай цамхаг. Энэ барилгын өндөр 632 метр. Хятад улсдаа хамгийн өндөр, дэлхийд гуравдугаарт эрэмбэлэгддэг. Нийтдээ 5000 м/кв талбайтай бөгөөд цамхагаас хотыг эргэн тойрон буюу 360 градусаар харах боломжтой.

Тус барилга ихэвчлэн оффисын зориулалттай. Гэхдээ тансаг зэрэглэлийн зочид буудал, үзвэр үйлчилгээ, ресторан, худалдааны байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг.

Цамхагийн 52 дугаар давхарт дэлхийн хамгийн өндөр арилжаатай номын дэлгүүр, уншлагын заал тэргүүтэн байна.  Мөн 37 давхарт нь Гуаньфу музей байрлана. Музей шаазан танхим, алтан эдлэлийн болон хөшөөний гэсэн танхимтай. Тус цамхагийн 118 давхарт газраас хагас км-ийн өндөрт жимс идээд  Шанхай хотыг тольдонхон сууна гэдэг бас л нэг сонин мэдрэмж.  Хоёр орны сэтгүүлчид тус цамхагийн 118 давхраас дээш байрлах зочид буудал, зоогийн газрын өрөөнүүдээр зочлов.  Болор гялалзсан тансаг өрөөнүүд нэг хоногийн 6-28 сая юанийн үнэтэй гэсэн.

Цамхагтай танилцах явцад ажиглагдсан зураглал гэвэл энэхүү  барилгын давхар бүр нь өөр өөр зориулалттай хэдий ч тэнд Хятадын уламжлалт хэв маяг, онцлог шийдлүүдийг шигтгэж өгсөн нь анзаарагдахгүй байхын аргагүй аж. Товчхондоо бол үндэсний бахархлаа дэлхий нийтийн орчин цагийн чиг хандлагатай маш уран нарийнаар сүлж сүвлэж өгчээ. Гайхалтай хослол тэр байв.