Ж.Сүхбаатар сайд огцрох хүсэлтээ өгнө

Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд оруулж ирсэн автобустай холбоотой мэдээлэл нийгэмд шүүмжлэл дагуулаад байна.

Энэ асуудлыг өнөөдөр эрх барих хүчнийхэн бүлгийн хуралдаанаараа авч хэлэлцэхээр болсон. Тэгвэл  Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар ажлаа өгөхөөр болсон талаар эх сурвалжууд мэдээлж байна. Энэ мэдээллийг Ж.Сүхбаатар сайд өөрөө баталсан бөгөөд МАН-ын бүлэгт нийтийн тээврийн парк шинэчлэлтийн асуудлаар мэдээлэл хийснийхээ дараа Ерөнхий сайдад огцрох хүсэлтээ өргөн барихаар болсон байна.

Сануулахад: Авлигатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах албаны хамтарсан Ажлын хэсэг “Ногоон автобустай холбоотой хэрэг” дээр ажиллаж өнгөрсөн шөнө Тэнүүн-Огоо компанийн захирал “Г” болон “Э”, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын “Т” болон “Б” нарын 4 хүнийг түр саатуулаад байгаа юм.