“Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалтыг 48 цаг баривчилжээ

2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Парламент телевизийн “Аргумент хэлэлцүүлэг” нэвтрүүлэгт оролцох үеэр “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт нь Хөдөлмөрийн үндэсний намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Үүрцайхтай маргалдан, түүнийг цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх асуудал гарсан.
Үүнтэй холбоотойгоор Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж, тус дүүргийн прокурорын газраас 2023 оны 04 дүгээр сард иргэн Х.Бат-Ялалтыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах/-т зааснаар яллагдагчаар татсан байна.
Прокурорын яллагдагчаар татсан тогтоолыг иргэн Х.Бат-Ялалтад танилцуулхаар мөрдөгч, прокуророос удаа дараа дуудсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.4 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар баривчлах саналыг тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж, түүнийг 48 цагийн хугацаатай баривчлаж шийдвэрлэсэн байна.