Х.Нямбаатар: Урт цагааны барилгыг буулгах эсэх асуудлаар санал асуулга эхлүүлнэ

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “Урт цагаан”-ы барилгыг буулгах талаар мэдээлэл өгч байна.

Тэрбээр “НЗДТГ-аас Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн зам талбай, барилгажилттай холбоотой асуудлаар иргэдийн саналыг авч шийдвэрлэхээр болсон. Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байрлаж байгаа нийслэлийн эзэмшлийн Урт цагааны гэгддэг барилгыг нураах шийдвэр гарсан байсан.  Нийслэл хот нягтаршлыг бууруулах бодлого барьж байгаа хирнээ Урт цагааны барилгыг буулгаад дахин өндөр барилга барих нь бодлоготойгоо уялдахгүй. 1960-1962 онд баригдсан энэ барилгыг буулгаж нийтийн эзэмшлийн ногоон байгууламж барих нь зөв үү? Худалдааны төв барих нь зөв үү гэх санал асуулгыг ULAANBAATAR.mn сайтаар өнөөдрөөс явуулж эхэлнэ. 2020 оноос эхлэн энэ барилга дотор үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүд түрээс төлөхгүй байгаа. Аравдугаар сарын 10-ны дотор түрээслэгчдийг Урт цагааны барилгыг чөлөөлөх шаардлага хүргүүлсэн ч биелүүлээгүй байна

Өнөөдрийн байдлаар Их тойруу дотор 1500 өндөр барилга барихаар барилгын зөвшөөрөл олгогдсон байна” гэлээ.