Цасан шуурганаар долоон малчин амь насаа алджээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон цасан шуурганаар малдаа явсан долоон малчин амь насаа алджээ.

Төв аймгийн Эрдэнэсант сумын Угалзат багийн нутагт тус сумын харьяат иргэн С нь хоёр хүүхдийнхээ хамт явганаар мал тууж яваад сураггүй болсон тухай дуудлага 2023.11.04-ний 22:38 цагт ирсэн байна.  Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид иргэн С /45 настай эмэгтэй/, хоёр хүүхдийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 11.05-ны 13:07 цагт 45 настай эмэгтэй, 12 настай эрэгтэй нарын цогцсыг гэрээс нь урд зүгт 15 км-аас олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. Харин 17 настай эрэгтэй айлд эсэн мэнд очсон байна.

Төв аймгийн Эрдэнэсант сумын Боргилт багийн нутагт тус сумын харьяат иргэн Б, Н нар 2023.11.04-ний 09:00 цагийн орчимд автомашинаар мал хариулж яваад сураггүй болжээ. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтанууд орон нутгийн 5 иргэнтэй хамтран иргэн Б/43 настай, эмэгтэй/, Н/41 настай, эмэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, гэрээс нь баруун хойд зүгт 15 км-аас цогцсыг нь олсон байна.

Төв аймгийн Эрдэнэсант сумын Угалзат багийн нутагт тус сумын харьяат малчин А нь 2023.11.04-ний өдрийн 19:00 цагт явганаар малаа хурааж яваад сураггүй болсон байна. Ар гэрийнхэн нь  35 настай, эмэгтэйг эрэн хайж, гэрээсээ нь урд зүгт 500 метрээс цогцсыг нь олжээ.

Төв аймгийн Эрдэнэсант сумын Баргилт багийн нутагт тус сумын харьяат малчин Б нь 2023.11.04-ний өдрийн 20:00 цагийн орчимд явганаар малаа хариулж яваад сураггүй болсон байна. Орон нутгийн иргэд, ар гэрийн 8 хүнтэй хамтран 42 настай, эмэгтэйг эрэн хайж, гэрээсээ 200 метрын зайнаас цогцсыг олсон байна.

 

Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр багийн нутагт тус сумын харьяат малчин Г нь 2023.11.04-ний 20:00 цагт явганаар мал хариулж яваад сураггүй болсон байна. Саахалт айлын малчин Д мориор мал хариулж яваад 47 настай эмэгтэйн цогцсыг олжээ.

 

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Эмгэд багийн нутагт тус сумын харьяат малчин Ж нь 2023.11.04-ний 20:00 цагт гэртээ харихаар мориор яваад сураггүй болсон тухай дуудлага иржээ. Зүүнбаян-Улаан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтанууд малчин Ж/43 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 16:04 цагт тус багийн “Бараан хадны дэл” гэдэг газраас цогцсыг олжээ