Монголд дархлаа эмчилгээг нэвтрүүлэх,  харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын төв, Швейцарийн F.Hoffmann-La Roche компани хамтран хавдрын системийн эмчилгээний сүүлийн үеийн шинэ технологи болох дархлаа эмчилгээг Монголд нэвтрүүлж буй талаар мэдээлэл хийж,  харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, ХСҮТ-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү, “Roche” компанийн Турк, ОХУ, Иран, Төв Ази, Кавказ, зүүн Европ болон Энэтхэгийг хариуцсан бүсийн дарга Адриано Треве нар өнөөдөр /2023-12-05/ гарын үсэг зурж баталгаажууллаа.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “Хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулахад дэлхийн шилдэг компаниудын өндөр технологийн эм, эмчилгээг нэвтрүүлэх нь хамгийн үр дүнтэй,  олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, сайн туршлага байдаг.

Дэлхийд тэргүүлэгч Швейцарийн  Рош компани Монгол улсад элэгний хорт хавдрын эмчилгээнд дархлаа эмчилгээний хамгийн сүүлийн үеийн технологийг нэвтрүүлэхийн зэрэгцээ хамгийн элбэг тохиолддог 15 эрхтэний үсэрхийлсэн хорт хавдрын үед хэрэглэдэг бай болон дархлаа эмнүүдийг хамгийн бага, нэг үнээр буюу “Бүх эмийг нэг өвчтөнд нэг үнээр” нийлүүлэх PACE тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ” гэлээ.

Швейцарийн  Хоффман Ла Рош компани 2018 онд анх Монгол улсад шилдэг оригинал эмийн бүтээгдэхүүнээ танилцуулж, хорт хавдрын эмчилгээнд Бай эмчилгээг анхлан нэвтрүүлсэн бөгөөд улмаар 2019 онд Монгол улсын ЭМЯ, ХСҮТ-тэй хөхний болон бусад хавдрын эмчилгээнд бай эмчилгээг Монгол Улсад нэвтрүүлэх Харилцан ойлголцлын санамж бичиг зурж байсан ажээ.

Элэгний хорт хавдраар 1714 хүн нас барсан нь нийт нас баралтын 37 хувийг дангаараа эзэлж байна. Элэгний хорт хавдар 2021 онд 1956 тохиолдол, 2022 онд 2289 тохиолдол байсны 70 гаруй хувь нь хожуу буюу гурав, дөрөвдүгээр шатандаа  оношлогдож,  энэ нь аль ч хүйсэнд хамгийн өндөр буюу 100 000 эрэгтэйд 77.6 эмэгтэйчүүдэд 59.5 тохиолдол байна.

Энэ үеэр Хавдар судлалын үндэсний төвийн Хими эмчилгээний тасгийн эрхлэгч Я.Замбалгараваас дараах зүйлийг тодрууллаа.

– Дархлаа эмчилгээг нэвтрүүлснээр ямар үр дүн гарах вэ?

-Одоо бол үр дүнг ярихад эрт байна. Хорт хавдраар амиа алдаж буй иргэдийн 37 хувийг элэгний хорт хавдар эзэлж буй. Дархлаа эмчилгээг нэвтрүүлснээр энэ хувийг бууруулж, нас баралтыг л багасгана.  Дараа нь ходоод, уушиг, улаан хоолой зэрэг элэгний хорт хавдрын дараа орж буй хавдруудад чиглэсэн төсөл арга хэмжээнүүд хэрэгжүүлнэ.

-Өмнө нь бас бай эмчилгээг нэвтрүүлсэн байна. Үүний үр дүнгийн талаар мэдээлэл өгөөч?

-Бай эмчилгээг 2019 онд нэвтрүүлсэн. Гэхдээ эрүүл мэндийн даатгалд 2021 оноос хамрагдаж эхэлсэн. Бай эмчилгээ нэвтэрснээр өмнө нь эмчилж чадахгүй байсан өвчтөнөө эмчилж байна. Тухайлбал жилд 250 гаруй хөхний хавдар оношлогддог. Үүний 60 гаруй хувь нь хожуу, үлдсэн нь 1, 2-р шатанд оношлогддог. 1, 2-р шатны хавдар нь авахуулаад эмчлэгдчихдэг. Үлдсэн хувьд нь хагалгаа хийгээд эдгэх боломжгүй, амьдрах хугацаа нь 3-3.5 жил орчим байдаг. Хожуу оношлогдож буй хавдартай иргэдэд эмийн болон бай эмчилгээ хийж амьдрах хугацааг нь уртасгаж өгч байна.

-Бай эмчилгээг эрүүл мэндийн даатгалаас хэдэн хувь хөнгөлж байна вэ?

-100 хувь даатгалаас төлбөр төлөгпөж байгаа. Өвчтөн нэгч төлбөр төлөхгүй гэсэн үг.