Д.Мөнх-Эрдэнэ: Жолооч торгуулиа 15 хоногт багтаан төлбөл 50 хувиар хөнгөлж, хэтрүүлбэл 50 хувиар нэмнэ

Энэ оны 01 дүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн болон Зөрчлийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар Хуульзүй, дотоод хэргийн сайдын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ мэдээлэл хийлээ.

Согтуурч, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд оноох ялын бодлого чангарсан. Тухайлбал:

2024.01.01-нээс мөрдөгдөж эхэлсэн Зөрчлийн хуулиар

-Согтуурч, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол жолоодох эрхийг 1 жилээр хасаж,  400 000 төгрөгөөр торгоно эсвэл 7-30 хоногийн хугацаатай баривчлах шийтгэл онооно.

2024.01.01-нээс хэрэгжсэн Эрүүгийн хуулиар

-Жолоодох эрхээ хасуулсан этгээд согтуурч, мансуурсан үедээ жолоо барьсан, шалгуулахаас зайлсхийсэн тохиолдолд жолоодох эрхийг 1-3 жилээр хасах, 2.7-14 сая төгрөгөөр торгох, 240-720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх,  6 сараас 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, 6 сараас 3 жил хүртэлх хугацаагаар хорих ял онооно.

-Хөдөлгөөний аюулгүй байдал ,тээврийн хэрэгсэл ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг үйлдэж, хохирогчид хүндэвтэр гэмтэл учруулсан бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1-3 жилээр хасах, 2.7-14 сая төгрөгөөр торгох, 240-720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх,  6 сараас 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял онооно.

-Энэ төрлийн гэмт хэргийг согтуурсан, мансуурсан үедээ болон тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол 3-5 жилээр эрх хасах, 1-3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, 1-3 жилийн хугацаагаар хорих ял онооно.

-Энэ төрлийн гэмт хэргээр хүний амь хохирсон бол 5-8 жилээр эрх хасах, 1-5 жилээр зорчих эрхийг хязгаарлах, 1-5 жилээр хорих ял онооно.

-Энэ төрлийн гэмт хэргээр 2 ба түүнээс дээш хүний амь хохирсон бол 8-12 жилээр эрх хасах, 2-8 жилийн хорих ял оноох зохицуулалт хэрэгжиж эхэллээ.

2024.01.01-нээс хэрэгжсэн Зөрчлийн хуулиар

-Жолооч торгуулиа 15 хоногийн хугацаанд төлбөл 50 хувиар хөнгөлнө.

-15 хоногоос хэтрүүлсэн тохиолдолд торгуулийн хэмжээг 50 хүртэлх хувиар нэмэгдүүлнэ.  Нэмэгдүүлсэн торгуулийг төлөөгүй тохиолдолд нийтэд тустай ажил хийж, торгулуийг биеэр заавал төлнө.

Мөн торгуулиа хуулийн хугацаанд төлөөгүй бол төрөөс авах үйлчилгээг хязгаарлана. Үүнд:

-Тээврийн хэрэгслийн эзэмшлийн шилжилт хөдөлгөөн хийлгэх

-Жолооны үнэмлэх авах, сунгах, ангилал нэмэх, өөрчлөх, нөхөн авах

-Тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцох эрхийг нь хязгаарлана.