Шийдэлгүй шийдлийн золиос нь МАЛЧИД болж байна

Дэлхий нийтээр даяаршиж байгаа энэ цаг үед бидний бусдаас ялгарах ганц ондоошил бол яах аргагүй нүүдлийн соёл иргэншил буюу мал аж ахуй билээ. Манай улсын хувьд мал аж ахуйн гол үйлдвэрлэгчид нь малчид юм. Тэгвэл энэ цаг үед Монгол Улсын үндэсний баялаг, бидний ондоошил, нүүдлийн соёл иргэншилд аюул мөхөл ирээд байгааг ухаарах цаг нэгэнт болжээ. Улсын хэмжээнд нийт нутгаар цаг агаарын нөхцөл байдал хүндэрч, зарим газарт байгалийн гамшигт үзэгдэл болж, малчид хэдэн малаа цас зуданд алдаж, амжиргааны хэдээсээ салж, хот нь харласан харамсалтай өдрүүдийг үзэж, туулж байна. Улсын хэмжээнд зудын байдалд үнэлгээ хийхэд таван аймгийн 21 суманд төмөр буюу шилэн зуд, 17 аймгийн 89 суманд цагаан зуд, 17 аймгийн 82 суманд цагаанаар зудархуу байгаа гэжээ. Цаг яагаачгүй байна. Ийм тохиолдолд хүн, мал амьд үлдэж, торж хоцорно гэж төсөөлөхөд ч бэрх юм. Малчдыг хаврын жирийсэн урт өдрүүд, мал төлөлтийн нөр их ажил хүлээж буй. Зөвхөн энэ сарын 19-ний байдлаар улсын хэмжээнд хагас сая гаруй /667.841/ толгой мал хорогдсон тухай Засгийн газраас мэдээлж байна. Цаашид ч байгалийн гамшигт үзэгдэл өрнөхөөр байна гэдгийг мэргэжлийн байгууллагаас анхааруулж, сэрэмжлүүлэг гаргасаар байна.
Тэгвэл бид юу хийж байна вэ. Ондоошилдоо, нүүдлийн соёл иргэншилдээ хэрхэн сэтгэлгүй, зүтгэлгүй, хайхрамжгүй ханддаг вэ гэдгийг энэ цаг үед бүүр их тодоор харж сууна. Мэргэжлийн байгууллагаас цаг хүндрэх нь тодорхой. Дор бүрнээ бэлтгэлээ хангаарай, шаардлагатай байгууллагууд нөөцөө бэлдээрэй гэдгийг эрт сануулсан. Гэтэл өнөөдөр бэлтгэл ч үгүй, юу ч үгүй сууна. Ер нь бол анх удаа өвөл болоод зудтай нүүр тулж байгаа аятай авирлаж байна. Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар зудын эрсдэлийг бууруулах, эрүүл мэндийн болон бусад тусламж үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх зэрэг зардлыг Засгийн газрын нөөцөөс гаргана гэж шийдвэрлэв. Хэдийгээр өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, шаардлагатай тусламж үйлчилгээ үзүүлнэ гэсэн боловч хүртээмжийн хувьд хангалтгүй. Төсөв мөнгөний хувьд тодорхойгүй байгаа юм. Үнэндээ шийдэлгүй шийдлийг тэдэнд үзүүлж байна. Гамшиг болж байхад гар бие оролцоод, мэргэжлийн байгууллагаа толгойлоод явж байх ёстой Шадар сайд С.Амарсайхан хэдэн мэргэжлийн сэтгэл зүйч ажиллуулж, ажил хийсэн нэр зүүж явна. Дан ганц сэтгэлзүйч биш эд материалаас эхлээд үй олон дэмжлэг туслалцаа малчдад хэрэгтэй байгааг эрхэм улстөрч ухаарах ёстой билээ. Нөгөө талд цахимаар малчин иргэдийг “Махаа үнэтэй зардаг. Хувийн өмч нь үхнэ үү, хатна уу тэдний хэрэг. Тусламж дэмжлэг үзүүлж хэрэггүй” зэргээр дайрч байна. Үнэндээ Монгол Улс малчингүй, махгүй бол хэн байх бэ. Ийм сэтгэлгүй хандлага, урт хугацааны хөгжлийн бодлогогүйн үр дүнд өнөөдөр мал маллах, мал аж ахуй эрхлэх, өрхийн тоо жилээс жилд буурч байгаа.
2024 оны нэгдүгээр сарын 17-ны байдлаар мал тооллогын урьдчилсан дүнгээр улсын хэмжээнд 2023 оны эцэст 64.7 сая толгой мал тоологджээ. Тухайлбал, адуу 4.8 сая, үхэр 5.4 сая, тэмээ 473.9 мянга, хонь 29.4 сая, ямаа 24.6 сая тоологдсон байх юм. Нийтдээ 247.9 мянган малтай өрх тооллогод хамрагдсан байна. Харин 2021 онд 67 сая гаруй, 2022 онд 71 сая гаруй мал тоологдсон байх юм. Нөгөөтээгүүр, өмнөх оныхоос 425 өрхөөр буурсан үзүүлэлт гарсан тухай мэргэжлийн байгууллага танилцуулж байна. Ердөө улсын хэмжээнд малтай 189.3 мянган өрх жилийн дөрвөн улирлын туршид малаа маллаж, амжиргааны эх үүсвэр болгож байгаа аж.
Жилээс жилд Монгол Улсад цөлжилт эрчимтэй явагдаж, мал маллах, мал аж ахуй эрхлэхэд улам хүндэрч байна. Иймд төрөөс хэрэгжүүлэх олигтой шийдэл ч алга. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлэх Алсын хараа 2050 хөгжлийн бодлогод Нүүдлийн соёл иргэншил гэж тодотгосон хэрнээ яаж хөгжүүлэх, ямар ч бодлого барих талаар огт тусгаагүй байх юм. Зөвхөн ерөнхий тунхаг бүхий заалтуудыг тусгажээ.
-Үндэсний оюун санаа, өв соёл, сэтгэлгээнд тулгуурласан бүтээгч монгол хүн төвтэй нүүдлийн соёл иргэншлийг хадгалсан тэргүүлэх улс болно.
-Нүүдлийн өв соёлоо хадгалж, ёс заншил, уламжлалаа түгээн дэлгэрүүлэх үе
-Монголчуудын үндэсний ижилсэл бэхжиж, нүүдлийн соёл иргэншлийг хадгалсан тэргүүлэх улс болох үе
-Үндэсний оюун санаа, өв соёл, сэтгэлгээнд тулгуурласан бүтээгч монгол хүн төвтэй нүүдлийн соёл иргэншлийг хадгалсан тэргүүлэх улс болох үе
-Нүүдлийн соёл иргэншлийг хамгаалахад чиглэсэн төрөлжсөн байгууллагуудыг дэмжих
-Монголын нүүдлийн соёлын онцлогт тохируулан бүтээх үйл явцыг өрнүүлэх
-Үндэсний үнэт зүйлд суурилсан соёлын дархлааг тогтвортой бэхжүүлж, уламжлал шинэчлэлийн тэнцвэрт харьцааг хэвшүүлэх
-Байгаль дэлхийд ээлтэй нүүдлийн соёл иргэншлийн бэлгэ тэмдэг болсон монгол гэрийг сайжруулан хэрэглэхэд хялбар болгон түгээн дэлгэрүүлэх
-“Нүүдлийн соёл иргэншлийн үндэсний хүрээлэн”-г өндөр уулын бүсэд байгуулснаар үндсэн таван бүс бий болж, аажмаар өргөтгөх, эрс өндрийн нүүдлийг сэргээх
-Соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, бүтээн үргэлжлүүлэх, өвлөн уламжлах үйл ажиллагаанд оролцогч талуудыг дэмжих
-Үндэсний өв соёл, нүүдлийн ахуй бүрэн хамгаалагдаж, уламжлал, шинэчлэлийг хослуулсан, нүүдлийн соёл иргэншлийг хадгалсан тэргүүлэх улс болох
– “Нүүдлийн соёл иргэншлийн үндэсний хүрээлэн”-гүүдийн үйл ажиллагааг уялдуулж, нүүдлийн соёл иргэншлийн тэргүүлэх улсын түвшинд хүрэх гэж тусгажээ. Харин энэ бүх шийдэлгүй шийдлийн золиос нь малчид болж байгаа юм.
Б.Соёлтуяа