Накамура Ко: Монголын компаниуд тухайн улсынхаа өрсөлдөгч байгууллагын үнэ ханш зэргийг судлах хэрэгтэй

Япон Монголын Эдийн Засгийн Түншлэлийн Хэлэлцээр (EPA)-ийн хэрэгжилтийн явцын талаар ЖАЙКА-гаас Монгол Япон Хүний Нөөцийн Хөгжлийн Төвийн Бизнес хамтын ажиллагааг хөгжүүлэх төслийн мэргэжилтэн Накамура Ко,  Японд төгсөгчдийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал З.Сугар нар өнөөдөр эдийн засгийн сэтгүүлчидтэй уулзаж мэдээлэл өглөө.

Монгол Улс Япон улстай эдийн засгийн түншлэлийн гэрээг 2016 онд байгуулж байжээ.  Түүнээс хойш өнөөдрийг хүртэл манай улсын хувийн хэвшлийнхэний авах сургамж, бусад нөөц, бололцооны талаар Накамура Ко мэдээлэл өглөө. Тэрбээр Монголын талаас хувийн хэвшлийнхний хувьд тухайн бүтээгдэхүүний гарал үүсэл, чанарын шаардлага дутагдалтай байна.  Монголын хувийн хэвшлийнхэн Япон улс руу бүтээгдэхүүнээ нийлүүлэх бол Японы жижиглэнгийн болон бөөний худалдаа хийхэд анхаарах зүйлсийг сайн судлах хэрэгтэй. Тухайлбал өрсөлдөгч байгууллагын үнэ ханш зэргийг судлах хэрэгтэй гэдгийг хэлж байв.

Японд төгсөгчдийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал З.Сугар: Манай үйлдвэрлэгч, бизнес эрхлэгч нар Японы гаалийн болон тээвэрлэлт хийхэд ямар бичиг баримт бүрдүүлэх үү гэх мэдээлэл алга. Мөн Монгол талын төрийн ямар байгууллага хариуцах вэ гэх зэрэг тодорхой бус. Төрийн зүгээс шаардлагатай зүйлээ хийлээ гэхэд манай хувийн хэвшлийнхэн бүтээгдэхүүнээ нийлүүлэхэд бэлэн үү гэдэг нь бас эргэлзээтэй.  Бүтээгдэхүүний чанарын хяналт хангалтгүй байна. Түүнчлэн Япон талын бизнесийн соёлыг ойлгож харилцах хүний нөөц дутмаг байна гэв.