Дарвуулт хөлөг живсний улмаас алга болсон зургаан хүний тавынх нь цогцсыг олжээ

Даваа гарагт Сицилийн ойролцоо явж байсан дарвуулт хөлөг онгоц шуурганы улмаас живсэн. Үүний улмаас зургаан хүн сураггүй болоод байсны тавынх цогцсыг олжээ.

Хөлөгт 22 хүн зорчиж явсан бөгөөд живэх үед 15 нь амьд гарч чадсан. Харин нэг хүн амиа алдаж зургаа нь сураггүй болоод байв.

Одоогоор уснаас гаргасан цогцсуудыг хэн болохыг таньж чадаагүй байгаа хэмээн Италийн эргийн хамгаалагчид хэлжээ.

Алга болсон иргэдийг хөлөгт гацсан байх магадлалтай гэж үзсэн тул шумбалтын ажиллагааг эхлүүлэхээр болсон.

Гэхдээ хөлөг 50 метрийн гүнд хажуугаараа хөмөрсөн байрлалтай живсэн тул аврах багийнханд хайх ажиллагааг хүндрэлтэй болгож байсан юм. Улмаар хоёр өдрийн турш хайх ажиллагааг үргэлжлүүлсний эцэст таван хүний цогцсыг хөлгөөс эрэг рүү гаргав.
Одоогоор хөлөг живсэн шалтгааныг шуурганы улмаас болсон гэж үзэж байгаа ч мөрдөн шалгах ажиллагааг явуулахаар болсон аж.

Алга болсон хүмүүсийн дунд Их Британийн технологийн салбар дахь нэр хүндтэй бизнесмен Майк Линч болон түүний 18 настай охин байсан. Амьд гарсан хүмүүсийн дунд Линчийн эхнэр байсан гэдгийг мэдээлсэн.

Мөн АНУ-ын хөрөнгө оруулалтын компани болох Morgan Stanley-ийн тэргүүн Жонатан Блүүмер эхнэрийн хамт зорчиж явжээ.

Эх сурвалж: ВВС