Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевыг угтан авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд найрамдах Казахстан улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирээд байна. Түүнийг 10.00 цагаас Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа.

Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Казахстан улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев нар албан ёсны хэлэлцээ хийнэ.

Талууд өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн хэлэлцэж, уламжлалт найрсаг харилцааг шинэ шатанд гаргах, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар санал солилцох юм.

Хоёр улсын төрийн тэргүүн албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл өгөхөөр төлөвлөж байна.

Айлчлалын үеэр хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, мал эмнэлэг, мэдээллийн технологи, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд холбогдох албан тушаалтнууд гарын үсэг зурна.

Ерөнхийлөгч К.Токаевын энэ удаагийн төрийн айлчлал нь Казахстан улсын төрийн тэргүүний түвшинд 2008 онд хийсэн айлчлалаас хойш 16 жилийн дараа болж байна.

Монгол Улс, Бүгд найрамдах Казахстан улс 1992 оны нэгдүгээр сарын 22-нд дипломат харилцаа тогтоожээ.