Угаар мэдрэгчийг маргааш суурилуулна

Сураг нь гараад удсан угаар мэдрэгч урд хөршөөс иржээ. Эхний ээлжинд 50 мянган ширхэг угаар мэдрэгчийг маргааш /2019.12.29/-наас эхлэн айлуудад үнэгүй суурилуулахаар болсон байна. Уг нь өнгөрсөн арваннэгдүгээр сард багтаан тараах ёстой байсан. Гэвч захиалга авсан компани Монголын нөхцөлд таарсан угаар мэдрэгч хийхийн тулд судалгаан дээр цаг алджээ.

Угаар мэдрэгчийг БНХАУ-д захиалан хийлгэж байгаа бөгөөд нийт өртөг нь 3,5 тэрбум төгрөг болсон байна. Стандартын шаардлага хангасан, UL  сертификаттай, зайгаар ажилладаг угаарын хий хэмжигчийг гадаад худалдааны сайтуудаар дунджаар 30 ам.доллар /80 мянга/-аар худалдаалдаг. Харин манай улсын худалдааны төвд өөр хийцийн угаар мэдрэгчийг 19 мянган төгрөгөөр борлуулж байгаа аж.