О.Цогтгэрэл АН-ын шинэ даргаар сонгогдлоо

Ардчилсан нам Үндэсний бодлогын хороо/ҮБХ/-гоо өчигдөр /2025.08.31/ үргэлжлүүлэн хуралдуулж, удирдлагаараа УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэлийг сонголоо.

Дээрх хуралд ҮБХ-ны 360 гаруй гишүүн оролцсоноос УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл 196, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж 82, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа 33, Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Б.Отгонболд гурван саналыг тус бүр авсан юм.

Шинэ дарга ирэх жилүүдэд болох таван ч сонгуульд намаа ялалтад хөтөлж, засаглах амлалт өгөөд байна. Тодруулбал, 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2028, 2032 оны УИХ-ын болоод орон нутгийн сонгуульд Ардчилсан намыг ялуулахын тулд өөрөөс шалтгаалах бүхнийг хийхээ мэдэгдсэн.

ҮБХ-ны хурал эхэлсэн өдөр Ардчилсан намын экс дарга Л.Гантөмөр “Хэн ч намын дарга болсон дотооддоо эв нэгдлийг хангаж,  хоёр нүүр гаргахгүй ажиллах ёстой” гэх захиасыг дайсан.