УЛСЫН ИХ ХУРЛЫН 2025 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ НЭЭЛТ

УИХ-ын намрын чуулган өнөөдөр /2025.09.15/эхэллээ. УИХ-ын чуулганыг өнгөрсөн жилүүдэд аравдугаар сарын 1-нд нээдэг байсан бол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт орж, ирэх оны төсөв хэлэлцэх үе шат өөрчлөгдсөнтэй холбогдуулан ийнхүү есдүгээр сарын 15-ны өдөр нээж байгаа юм. 


УИХ-ын намрын чуулганыг нээж УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үг хэлэв. Тэрбээр “Ес дэх удаагийн ээлжит сонгуулийн дүнд парламентын төлөөлөх үзүүлэлтүүд улам сайжирч өдгөө парламент таван нам, эвслийн төлөөлөлтэй, жендэр, нийгмийн олон бүлгийн өндөр түвшний оролцоотой болоод байна. Дэлхий нийтээр ардчиллын үнэт зүйлсийг тэмдэглэн өнгөрүүлдэг энэ өдөр Монгол Улсын Их Хурлын намрын чуулганы нээлт тохиож байгаа нь онцгой бэлгэ дэмбэрэлтэй юм. Ардчиллаа хамгаалах, бэхжүүлэх, олон ургалч үзэл санааг түгээн дэлгэрүүлэхийг ард иргэддээ сануулж, тэдний итгэл, хүсэл зорилгыг төлөөлөн сууж буй УИХ-ын эрхэм гишүүддээ болон Монголын ард түмэндээ, хүрэлцэн ирсэн хүндэт зочиддоо олон улсын ардчиллын өдрийн мэндийг хүргэе.

Өнөөдөр иргэд, аж ахуйн нэгжүүд татвар, нийгмийн даатгалын дарамтыг бууруулж, төрийн бизнесийг биш харин хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмждэг хууль, эрх зүйн орчныг хүсэж байна.

Энэ бол олон хэвшил бүхий эдийн засагтай байх, өмчлөгчийн эрхийг хамгаалах Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэхийг хүссэн ард түмний хүсэл юм.

Монгол Улсын нийгмийн даатгалын өнөөгийн тогтолцоо нь хуучин нийгмийн үед бий болсон бүтэц дээрээ гацжээ. Энэ тогтолцоо ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгийг тэлэхэд тус нэмэр болж чадахгүй, далд хөдөлмөрийн зах зээл, хөдөлмөрлөх эрхийн зөрчлийг өдөөж байна. Нийгмийн даатгал нь ажил хийж, ажлын байр бий болгож байгаа хүнд шийтгэл мэт болж “нурууг нь” авч байна гэв.