МИАТ: Улаанбаатар-Хонгконг-Улаанбаатар чиглэлийн IX сарын 24-ний нислэгийг цуцаллаа

Филиппиний хойд хэсгээр энэ оны хамгийн хүчтэй хар салхи өнөөдөр /2025.09.22/  дайран өнгөрсөн бөгөөд олон мянган иргэнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Энэхүү хар салхи, аадар бороо нь Хонконг, Тайванийг чиглэж байгаа тул тус хотуудад бэлэн байдал зарлаж, иргэдийг нүүлгэн шилжүүлэх, галт тэрэг болон хот хоорондын бусад тээврийг зогсоох, сургуулиудыг хаах зэрэг арга хэмжээг авч ажиллаж байгаа аж.

МИАТ ТӨХК-ийн зүгээс нислэгийн аюулгүй ажиллагааг хангах үүднээс есдүгээр сарын 24-ний өдөр буюу ирэх Лхагва гарагийн ОМ297/ОМ298 аяллын дугаартай Улаанбаатар-Хонконг-Улаанбаатар чиглэлийн нислэгийг цуцалж байгаагаа мэдэгдлээ.

Уг нислэгт зорчих тийз худалдан авсан зорчигчид, тийзээ худалдан авсан борлуулалтын төвд хандаж нислэгийн өдрөө өөрчлүүлэхийг зөвлөжээ.

Эх сурвалж: МИАТ ТӨХК