“Шинээрээ, лацтайгаа байгаа гар утсаа барьцаанд тавья” гэж ломбардуудыг залилжээ

“Шинээрээ, лацыг нь ч хөндөөгүй хайрцаг савтайгаа байгаа гар утсаа барьцаанд тавих гэсэн юм, задалж болохгүй шүү” гэж итгүүлэн бусдыг залилжээ.

Тодруулбал энэ оны долоодугаар сард Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн  нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг барьцаалан зээлдүүлэх газарт /ломбард/ Б, М нарын дөрвөн этгээд “Шинэ Iphone16 гар утас худалдан аваад задлаагүй.

Хайрцаг савны лацыг нь хөндөөгүй байгаа тул түр хугацаанд барьцаалаад буцаагаад авна, задалж болохгүй шүү” гэж бусдад итгүүлэн, дээрх марк бүхий гар утасны лацтай хайрцгийг үзүүлжээ.

Дээрх этгээдүүд 60 гаруй удаагийн үйлдлээр 15 орчим аж ахуй нэгж, иргэнийг залилсан байна.

Ингэхдээ шинэ гар утасны хайрцагт өөр төрлийн зүйлс хийж, хуурамч лац наан шинэ гар утас мэт болгон харагдуулж, бусдыг төөрөгдөлд оруулан залилж байсан нь тогтоогдсон аж.

Иймд аливаа эд зүйлсийг худалдан авах, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлэхдээ эд зүйлсийн бодит байдлыг харж, нягтлан шалгаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.

Эх сурвалж: ЦЕГ