ОЛОН УЛСЫН ЗОХИОГЧДЫН ХОЛБООНЫ ЗӨВЛӨХ САТОШИ ВАТАНАБЭГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам CISAC (International Confederation of Societies of Authors and Composers) буюу Олон улсын зохиолч, хөгжмийн зохиолчдын нийгэмлэгүүдийн холбооны Ази, Номхон далайн бүсийн зөвлөх Сатоши Ватанабэг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр хөгжмийн бүтээлийн зохиогчийн эрхийг хамгаалах чиглэлээрх олон улсын туршлага, хөгжмийн салбарын экосистем дэх хамтын удирдлагын байгууллагын үүрэг, ач холбогдлын талаар санал солилцов. Мөн хөгжмийн бүтээл болон зохиогчийн олон улсын таних кодын (IPI, ISWC, ISRC гэх мэт) хэрэглээ, дуу хөгжмийг таних, ашиглалтын тоолох, бүртгэх дэвшилтэт системийн талаар ярилцав.

Талууд хамтын ажиллагааг өргөжүүлж, дижитал орчин дахь хөгжмийн бүтээлийн хамгаалалтыг сайжруулах, зохиогчийн эрхийн төлбөрийн ил тод, шударга хуваарилалтыг хангах чиглэлд хамтран ажиллахаар санал нэгдлээ.

CISAC нь бүтээл ашиглалтыг хянах, тоолох үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай хөгжмийн бүтээлийн метадата мэдээллийг бүрдүүлэхэд Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг (MOSCAP)-т бодлогын дэмжлэг үзүүлдэг ба энэ хүрээнд тус байгууллага “Atlas Lite” олон улсын хөгжмийн эрхийн удирдлагын систем, хөгжмийн бүтээл болон зохиогчдод ISWC, IPI зэрэг олон улсын стандарт код олгох системийг Монгол Улсад нэвтрүүлэх боломжтой талаар туршлага солилцов.