МОНГОЛ УЛСАД КИНО УРЛАГ ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ ТҮҮХТ 90 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ

Улс орны хөгжлийн түвшнийг кино урлагийн түвшнээр хэмжихэд оюун соёлын хөгжлийн төрх байдал ойролцоо очно гэж бодож байна. Энэ үүднээс авч үзэхэд Монгол Улсын кино урлаг үүсэж хөгжсөн түүх эхнээсээ аваад эдүгээ хүртэлх үйл явц надад монголчуудын бахархалт түүх, соён гэгээрлийн нэгэн хүчирхэг хөдөлгүүр юм байна гэсэн итгэл үнэмшил төрүүлдэг юм. Кино урлаг бол дэлхийн урлаг.

Тухайлбал, дэлхийн киноны түүх 1895 онд Францаас эхэлдэг бол түүнээс дөчхөн жилийн дараа монгол киноны түүх эхэлдэг. Монголд Ардын хувьсгал ялснаас хойш 14 жилийн дараа буюу 1935.10.11-нд Ардын Сайд нарын Зөвлөлийн 32 дугаар тогтоолоор “Улсын кино зургийн хороо” байгуулагдаж монгол киноны түүх албан ёсоор эхэлсэн. Дараа жилээс нь “Майн 47 жилийн ой” (1936) анхны баримтат кино,  “Монгол хүү” (1936), “Норжмаагийн зам” (1938) анхны уран сайхны кино дэлгэцнээ гарсан юм.

ХХ зууны гучаад онд Монгол Улс хөгжлийн хувьд буурай байсан ч оюун, соёлын хувьд дэлхийн урлагийн зүг рүү тэмүүлэх сэтгэлийн бяд тэнхээтэй байсныг би баатарлаг түүх гэж хэлж байгаа юм. Тийм сайхан түүхийг эх орны дайны үед “Цогт тайж” (1945) кино, ерэн оны ардчилсан хувьсгалын угтал болж “Мандухай сэцэн хатан” (1988) зэрэг киноны бүхий л бүтээлүүдээс харж болох юм. Эх орны тусгаар тогтнолыг бататгах, үндэсний үзлийг сэргээн дэвжээхэд манай соёл, урлагийн салбар үнэлж баршгүй оюуны хөрөнгө оруулдаг. Монголын кино урлаг ХХ зууны жар, далаад оны оргил үе, ХХI зууны орчин үеийн киноны түвшин хүртэлх гайхамшигт түүхийг бүтээсэнд монголын ард түмэн бахархаж байна. Монгол кино нэгтгэл энэ хугацаанд 400 гаруй кино уран бүтээл туурвиж, үзэгчдийн хүртээл болгосон.

Монгол Улсын Засгийн газраас кино урлагийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр “Кино урлагийг дэмжих тухай” хууль батлуулсан. Энэ нь монголын төр, засгийн зүгээс баримталж буй соёлын бодлогын нэгэн тулах цэг нь кино урлаг болохыг харуулж байна. Салбарын хуулийн хэрэгжилтэд нөлөө үзүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 103 дугаар тогтоолоор жил бүрийн 10 дугаар сарын 11-ний өдрийг “Үндэсний кино урлагийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар шийдвэрлэснийг энд онцлон тэмдэглэхийг хүсэж байна. Эрх зүйн энэ шинэчлэлийн үрээр кино урлаг маань тусгай сантай болж, түүнийхээ үр шимийг хүртэн олон улсын өндөр зэрэглэлийн уралдаан, наадамд Монгол Улсаа төлөөлөн албан ёсоор оролцож, онцгой амжилт үзүүлсээр байгааг та бид харж байна. Монголын залуу уран бүтээлчид дэлхийн киноны стандартад тэмүүлж, дэлхийн дэвжээнд бүтээлээ нэрлүүлэхээр хичээсээр байгааг сүүлийн үеийн уран бүтээлүүдээс харж болно.

Кино урлаг бол нийгмийн оюун санааны тусгал, түүхэн үйл явдлын ой санамж учраас нийгмийн сэтгэл зүйн барометр, монголын соёлын элч гэж хэлж болно. Тиймээс Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Монгол Улсад үндэсний кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд онцгой ач холбогдол өгч, “Ажлын хэсэг” байгуулан бодлого, санхүүгийн дэмжлэг үзүүлж,  сургалт сурталчилгаа, олон улсын кино наадам зэрэг олон талт арга хэмжээг зохион байгууллаа.

Кино бол үндэсний соёлын хамгийн хүртээмжтэй, хамгийн нөлөөтэй урлаг учраас Монгол Улсын соёлын зөөлөн хүчний бодлогын гол зүрх нь гэж үзэж, салбар хариуцсан яамны зүгээс ач холбогдол өгч, хөгжлийн шинэ шатанд гаргахын төлөө төрийн бодлого боловсруулан ажиллаж байна. Цаашид яам “Кино урлагийг дэмжих тухай хууль”-ийн хэрэгжилтэд анхаарч олон улсын түвшинд хүргэж, кино урлаг дэмжих сангийн хөрөнгийг олон эх үүсвэрээс арвижуулах, гадаад хамтын ажиллагааг улам нэмэгдүүлэхийг чухалчилж байна. Энэ үүднээс кино үйлдвэрлэлийн дэд бүтэц, дэвшилтэд техник технологи инновацыг нэвтрүүлэх, кино кодыг нэвтрүүлэх, уран бүтээлчдийнхээ оюуны өмчийг хамгаалахад нь дэмжлэг туслалцаа үзүүлж, зохиогчийн эрхийг хамгаалах тогтолцоог бэхжүүлж, салбарын хүний нөөцөө чадавхжуулахад онцгой анхаарна. Мөн кино урлагаар дамжуулан нийгмийн сайн сайхныг бүтээхэд ёс зүй, уламжлалт зан заншлын хэм хэмжээг сахин хамгаалах, түүх, соёлоо сурталчлан түгээхэд болон хүүхэд залуусаа сөрөг муу бүхнээс хамгаалж, бүтээлч оюунлаг шинэ залуу үеийг бүтээхэд кино урлагаар дамжуулан нөлөөлөхөд илүү анхаарч ажиллана. Дэлхийд кино зөвхөн урлаг бус том бизнес болон өргөжиж, өрсөлдөөн ширүүссээр байна. Тиймээс монголын киночид холливудын уран бүтээлчтэй хамтран ажиллах эхлэлийг тавихад яамны зүгээс онцгой анхаарч тодорхой яриа хэлцэл нэгэнт эхэлчихсэн гэдгийг хэлэхэд таатай байна.

Сая сая хүнд нэгэн зэрэг сэтгэх, уярах, ухаарах нөлөө үзүүлдэг гайхамшигт кино урлагийг бүтээгчид уран бүтээлч та бүхэндээ, тэрхүү бүтээлийг шимтэн үзэгч түмэндээ Монголын үндэсний кино урлаг үүсэж хөгжсөний түүхт 90 жилийн ойн баярын мэндийг дахин дэвшүүлж, 100 жилийг ойгоо Оскарын шагналтантай угтах ерөөлийг өргөе.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд

Чинбатын Ундрам