СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД Ч.УНДРАМ ЕВРОПЫН ХОЛБООНООС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ИНА МАРЧЮЛЁНИТЕГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ина Марчюлёните-г 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд сайд Ч.Ундрам “Ирээдүй чинийх” уриан дор залуучууд, тамирчид, тусгай хэрэгцээт иргэд, тэдний гэр бүл, дэмжигчид болох 3,000 гаруй иргэдийг цуглуулсан “Итгэл ба боломж” марафон, “Залуучуудын хөгжлийн төлөөх түншлэл: Салбар дундын уялдаа” сэдэвт бүсчилсэн хэлэлцүүлгийг тус тус зохион байгуулахад дэмжлэг үзүүлж байгаад талархснаа илэрхийлэв.

Мөн талууд соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарт Европын Холбооны орнуудтай хөгжүүлж буй харилцааны талаар ярилцаж, “Милано Кортина” Өвлийн ХХV Олимпын наадамд оролцох Монгол Улсын шигшээ баг, тамирчдын бэлтгэлийг өвлийн спорт өндөр хөгжсөн Европын орнуудад хангахад дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.