Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо болон тур операторууд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны дэмжлэгтэйгээр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Берлин хотноо 2025 оны 3 дугаар сарын 4-6-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “ITB Berlin” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд “Go Mongolia” үндэсний брэндийн дор амжилттай оролцлоо.
Тус үзэсгэлэнд жилд дунджаар 200 гаруй орны 10,000 орчим аялал жуулчлалын салбарын байгууллагууд оролцдог төдийгүй 2024 онд нийт 98,000 орчим зочид үзэж сонирхсон байна. Аялал жуулчлалын салбарт хамгийн томд тооцогддог уг үзэсгэлэнд Монголын 13 тур операторууд Монгол Улсын аялал жуулчлалын салбарыг олон улсад сурталчлах, шинэ зах зээлд нэвтрэх, хөрөнгө оруулалт татах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, зах зээлээ өргөжүүлэн таниулах зорилгоор өөрсдийн сурталчилгааг хийж оролцов.

Түүнчлэн, тус үзэсгэлэнд оролцох үеэрээ “Go Mongolia” өдөрлөг зохион байгуулж, Чингис хаан Үндэсний музейн Хаан найрал чуулга Монгол хаадын ёслолын бүжгийг толилуулж, үндэсний урлаг, соёлын өвийг сурталчиллаа. Монгол Улсын Засгийн газраас гадаадын жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилтыг дэвшүүлж, 2023-2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Монгол Улсыг сурталчлах, аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
