“Бээжинхорлоо” яруу найрагч Б.Ичинхорлоо болсон түүх

 Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Болор цом”-ын хошой эзэн яруу найрагч Баярхүүгийн Ичирхорлоог нэрээ солиулж явсан тухайг хүн бүр мэддэггүй.

Найрагч бүсгүйг багадаа хүндээр өвдөхөд эцэг эх нь ламаар аргадуулж, өвөө нь Бээжинхорлоо нэр өгсөн юмсанж. Энэ нэрээрээ 4-р анги хүртлээ дуудуулсан гэдэг.

Энэ тухайгаа тэрээр “Би мэндлээд удаагүй байхдаа нэг их айхтар өвдсөн юм гэнэ лээ. Нэр, ус ч үгүй байж. Манай нутгийн нэг том лам  арга засал хийж “Энэ хүүхдийг ямар ч гэсэн аргалаад тогтооно. Харин их адармаатай, хэцүү хүн болно шүү. Тэр цагт намайг битгий харааж, зүхээрэй” хэмээн аав, ээжид хэлсэн гэдэг.

Намайг багад Бээжинхорлоо гэдэг байв. Энэ нэрийг өвөө хайрласан юм билээ. Их л олон талаас нь бодож байж өгсөн гэдэг. Бээжин гэдэг нь нэгд, их авхай, эрхэм авхай гэсэн утгатай төвд үг. Хоёрт, Монголын эртний Юан гүрний нийслэлийг Бээжин гэдэг байж. Гуравт, намайг мэндлэх үед Ч.Бээжин аварга сайн барилдаж байсан зэргийг бодож ийн нэрлэсэн хэрэг.

Харин хорол гэдэг нь хүрд гэсэн үг бөгөөд нийлэхээрээ их авхайн хүрдэн гэсэн утгатай. Олон сайхан гүнж нартай болохыг бэлгэдэж өгсөн гэдэг юм. Тэгээд ч би араасаа гурван охин дүү дагуулсан.

Сургуульд ортлоо би эмээ, өвөө дээрээ хөдөө байв. Том зээ нь болохоор дархан эрхтэй. Өвөөгийнх  олон малтай. Нутгийнхан “баян” Оргийнх л гэх. Өвөө хар, хөх нүдэн, холбогтой, тохомтой бор хонинд их дуртай. Хүнээс ч худалдаж авна. Би тэр хонинуудыг нь унана. Хонины хот, үхрийн зэлнээс холдохгүй. Айл саахалтынхан намайг Бээжий гэнэ. Харин аав, ээж болохоор Тээдэг гэж дуудах. Тоодгор дээлтэй тээдэг, тээдэг гэж алхалдаг хүүхэд байснаас ийн нэрлэсэн хэрэг.

Өвөө, эмээ “миний улаан хүүхэн” гэж өхөөрдөнө. Заримдаа би “хүүхэн юм уу“ гэж уурлаад өвөөгөө зодно. Инээдтэй. Өвөө төмрийн дарх хийнэ. Намайг эрхлүүлж шагналын тэмдгээ эвдэж хайлган ээмэг, бөгж, бугуйвч хийж өгдөг сөн.

Би үзэмтэй цагаан тосонд нүгэлтэй дуртай хүүхэд байв. Эмээ хайлмаг хийгээд жижигхэн, жижигхэн дөрвөлжилж зүсээд хөлдөөчихнө. Түүнээсээ өдөрт нэгийг л өгөх. Хүүхэд л болсон хойно нөгөөхөөс нь шомбодно. Амбаарынх нь түлхүүрийг “олзолж” ороод авдранд байгаа тосноос нь авч оронд нь талх зүсээд хийчихнэ. Тоог нь алдуулахгүй гэсэндээ л тэр. Эмээ төвд, өвөө монгол бичигт гаргууд. Намайг зургаан настай байхад төвд, монгол цагаан толгой зааж өгсөн. Дараа нь кириллийг.

Би долоон настайдаа уншиж бичдэг болж, найман нас хүрээд Арвайхээрийн арван жилийн хоёрдугаар сургуулийн сурагч болж байв.

Дөрөвдүгээр ангид ортлоо Бээжинхорлоо нэртэйгээ явсан. Гуравт байхдаа монгол хэл, математикийн олимпиадад оролцон аймгаасаа шалгарч “Найрамдал” зусланд амрах болдог юм. Тэгтэл аймгийн захиргаан дээр ээжийг дуудаж, охиныхоо нэрийг соль гэсэн даалгавар өгчээ.

Ээж бодож, бодож Ичинхорлоо гэсэн нэр олж.  “Миний охин хүнд нэрээ хэлэхдээ аавынхаа нэрний эхний үсгийг хамт хэлж байгаарай” гэж захиж билээ. Нээрээ, Б.Ичинхорлоо гэхээр Бээжинхорлоо гэдэгтэй ойролцоо сонсогдож байгаа биз. Миний нэрийг сольсныг эмээ, өвөө хоёр мэдээгүй. Хоёулаа өнгөрчихсөн байсан” хэмээн дурсжээ.