Цасан шуургатай

Цаг уур орчны шинжилгээний газраас ирэх өдрүүдийн цаг агаарын төлөвийг гаргаад байна. Энэхүү мэдээллээр нэгдүгээр сарын 30-наас цас орж, шуурч эхлэхийн зэрэгцээ хүйтний эрч чангарна.

Тодруулбал, нэгдүгээр сарын 28-нд Монгол-Алтайн уулсаар, 29-нд Хангай, Хөвсгөлийн уулс, Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас, 30-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи   29-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 30-нд нутгийн зарим газраар, 31-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 29-34 градус, өдөртөө 17-22 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. 30-нд нутгийн баруун хэсгээр, 31-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.