УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.05.12/ Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нара Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна…” гэж, Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэж тус тус заасны дагуу засгийн бүх эрх ард түмний мэдэлд тул сонгогчид өөрсдийн төлөөлөл болсон Улсын Их Хурлын гишүүнийг бүрэн эрхийн хугацаанаас нь өмнө эгүүлэн татах бүрэн эрхтэй.

2019 оны Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно.” гэсэн нэмэлтийг оруулсан нь ардчилсан парламентын улсад томоохон дэвшил болсон. Гэвч Улсын Их Хурлын гишүүн тангаргаасаа няцах гэдэг нь ямар үйлдэл, эс үйлдэхүйгээр илэрхийг органик хуулиар зохицуулаагүй байгаа нь уг заалтын бодит хэрэгжилтэд саад учруулж байна.

Иймд гишүүдийн өргөх тангаргийг бэлгэдлийн шинжтэй бус Үндсэн хууль болон бусад хуулийг сахин мөрдүүлэх зорилгоор Улсын Их Хурлын гишүүний тангаргад хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулахгүй байх талаар тусгах нь оновчтой гэж төсөл санаачлагч гишүүн үзжээ.