СЕХ-ны гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг өнөөдөр явуулж, тайланг хаалттай хэлэлцэнэ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо 14.00 цагаас хуралдаж, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг явуулахаар төлөвлөжээ. Үүний дараа сонсголын тайланг хаалттай хэлэлцэх юм байна. Сонсгол даргалагчаар ТББХ-ны дарга Б.Жавхлан ажиллах юм.

Тодруулбал, СЕХ-ны гишүүн, Улсын Бүртгэлийн ерөнхий газрын дарга асан Д.Дэлгэрсайханыг Улсын Их Хурлын 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 47 дугаар тогтоолоор үүрэгт ажлаас чөлөөлсөнтэй холбогдуулан тус газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Даваанямыг,

-Цагдаагийн ерөнхий газрын дарга асан Т.Сүхболд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөнтэй холбогдуулан тус газрын дарга Ж.Болд нарыг тус тус Төрийн байгуулалтын байнгын хорооноос санал болгох,

-Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгосон Г.Байгалмаагийн бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2026 оны 04 дүгээр сарын 01-ний Е/07 дугаартай албан бичгээр Д.Ариунболдыг санал болгосон,

-Улсын дээд шүүхээс санал болгосон СЕХ-ны гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан Улсын дээд шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 19-ний 01/1825 дугаартай албан бичгээр Д.Мөнхзоригийг санал болгож ирүүлсэн байна.