Сэлэнгэ аймгийн Ерөө сумын төвөөс зүүн зүгт 100 км-ийн зайд долдугаар сарын 26-ны өдрийн 08:08:09 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдөлсөн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Газар хөдлөлтийн дараа Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ерөө, Хүдэр, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг дарга нараас нөхцөл байдлыг тодруулахад иргэд газар хөдлөлтийн чичирхийллийг мэдрээгүй бөгөөд хүн, мал, эд хөрөнгөд хохирол учраагүй байна.
Газар хөдлөлтийн төв нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын төвөөс зүүн урд зүгт 50 км, Ерөө сумын төвөөс зүүн зүгт 100 км, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын төвөөс зүүн зүгт 111 км-ийн зайд байрлажээ.
Албаныхан нөхцөл байдлыг хяналтдаа авч, холбогдох байгууллагуудтай хамтран мэдээллийг шуурхай тодруулан ажиллаж байгаа бөгөөд одоогоор ямар нэгэн хохирол, сөрөг нөлөө бүртгэгдээгүй байна.