ДЭМБ олон улсын хэмжээнд онц байдал зарлалаа

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас өчигдөр орой олон улсын хэмжээнд онц байдал зарлалаа. Учир нь Хятадын Ухань хотоос эхлэн дэгдсэн шинэ төрлийн коронавирусийн тархалттай тэмцэхэд дэлхийн ихэнх орон бэлтгэл муутай байна гэж үзэж, ийн онц байдал зарлажээ.

ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус  “Хятад улс халдварыг тогтоон барьж чадах эсэхэд итгэхгүй байгаа гэсэн үг биш, харин эрүүл мэндийн систем сул хөгжсөн улс орнууд хамгаалах чадваргүй байгаатай холбоотой” хэмээн гаргасан шийдвэрээ тайлбарласан байна.

Мөн тэрбээр шинэ төрлийн коронавирус хүнээс хүнд халдсан нийт найман тохиолдол Хятадаас бусад улс орнуудад илэрсэн.  Хятадаас гадна 18 улсад коронавирусийн халдвар авсан хүмүүсийн тоо нийтдээ 98 болсон талаар ч мэдээлэл өгчээ.

Тэгвэл Reuters агентлагийн хамгийн сүүлд мэдээлж байгаагаар тахлын голомт болоод буй Хятадад өчигдөр оройны байдлаар 9692 үн өвчилж, нас барсан хүний тоо 204 болж өссөн байна.  Харин одоогоор шинэ төрлийн коронавирус илэрсэн 18 улсад нас барсан тохиолдол одоогоор гараагүй байгаа аж. Түүнээс гадна, Итали улсад энэ өвчний тохиолдол анх удаа бүртгэгдсэнийг зарлажээ. Тус улсад очсон Хятадын хоёр жуулчнаас вирус илэрсэн юм байна.