Сүүлийн 5 жилд хууль бусаар мод бэлтгэсэн 1986 хэрэг бүртгэгджээ

Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх чиглэлээр олон ажил арга хэмжээ хэрэгжүүлж байгаа боловч хэргийн гаралт буурахгүй, зохион байгуулалттай, далд хэлбэрт шилжиж байгаатай холбоотойгоор Прокурорын байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн үйлдэгдэж буй шалтгаан нөхцөлийг судалжээ.

Судалгаагаар сүүлийн 5 жилийн байдлаар 4105 гэмт хэрэг бүртгэгдэж, прокуророос 2333 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.


Гэмт хэргийг газар нутгийн байршил, байгалийн нөөцийн тархалт, цаг хугацааны хувьд харилцан адилгүй улиралд үйлдэж байна.


Сүүлийн 2 жилд шүүхээс 1228 хүн, 18 хуулийн этгээдийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэснээс 13 нь БНХАУ, ОХУ, Тайвань, Казахстан зэрэг гадаад улсын иргэн байна.

Шүүхээр шийдвэрлэгдсэн 797 хэргийн улмаас байгаль орчинд 25 тэрбум төгрөгийн хохирол учирснаас, 6,09 тэрбум төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн байна.


Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд зөвхөн ял, эрүүгийн хариуцлага хүлээлгээд зогсохгүй, байгаль экологи-амьтан, ургамлын аймагт учирсан хохирлыг 2-5 дахин нэмэгдүүлэн экологи эдийн засгийн үнэлгээг тооцон нөхөн төлүүлж, гэмт хэрэг үйлдэж олсон орлого, эд хөрөнгө, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан зэвсэг, техник хэрэгсэл болон тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлого болгодог хуулийн зохицуулалттай.

Шүүхээс 12,4 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд зүйл, хөрөнгө орлогыг хураан авч, улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.

Энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэж буй шалтгаан нөхцөл нь иргэд, хуулийн этгээд ашиг олох зорилгоор байгалийн баялгийг зохих зөвшөөрөлгүйгээр ашиглах, амьтан, ургамлын экологийн ач холбогдол болон  хууль, эрхзүйн мэдлэг, мэдээлэл дутмаг байдал нөлөөлж байна гэж үзжээ.

Эх сурвалж: Монгол улсын ерөнхий прокурорын газар