МУИС ажилтнууддаа цалинтай чөлөө олголоо

Гуравдугаар сарын 02-ныг хүртэл цэцэрлэг, сургуулийг хааж, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоод байгаа.

Үүнтэй МУИС-ийн хичээл, сургалтын үйл ажиллагаа зайн, цахим хэлбэрт шилжжээ. Өөрөөр хэлбэл МУИС-ийн багш, оюутнууд сургалтын үйл ажиллагаагаа цахимаар явуулж, сургуулийн орчинд ирэхгүйгээр хичээл тогтмол үргэлжилж байгаа юм.

Сүүлийн өдрүүдэд шинэ коронавирусийн халдварын эрсдэл нэмэгдэж, дэгдэлт хурдацтай тархаж буйтай холбогдуулан МУИС-ийн Захиргаанаас тус сургуулийн нийт ажилтнуудад гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл тодорхой хугацаагаар цалинтай чөлөө олгох зохицуулалт хийжээ.

Ингэснээр МУИС-ийн ажилтнууд томуу, томуу төст өвчин, шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлэх, үр хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах боломжтой болж байна.

Энэ хугацаанд МУИС-ийн үйл ажиллагаа тасралтгүй үргэлжлэх бөгөөд ажилтнуудыг заавал сургуулийн орчинд ажиллуулах бус цахимаар, утсаар үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах талаар зохицуулалт хийсэн ажээ.