Гурил үйлдвэрлэгч нар үнээ нэмэх үү

Сүүлийн үед үндэсний гурил үйлдвэрлэгч нар хоорондоо “тангараг тамцаг” муутай байгаа бололтой.

Учир нь “Улаанбаатар гурил” ХХК-ийн захирал О.Доржханд “2020.02.10-ны байдлаар нийт 12 мянган тонн гурил, 45 мянган тонн буудай байна. Сард 20 мянган тонн гурил иддэг. Монгол Улсын хэмжээнд 3-р сар өнгөрөөд гурилын нөөц байхгүй болно. ОХУ-аас буудай татан авахад татваргүйгээр 700 мянган төгрөг” гэж хэвлэлээр ярьсан.

Үүний хариуд “Алтан тариа”-н П.Цэнгүүн өнөөдөр өөрийн цахим хуудсаараа уурсаж буйгаа илэрхийлжээ.

Тэрээр Улаанбаатар гурил компанид хандаж “Татвар төлөгчдийн мөнгөөр Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулж улс худалдан авч нөөцөлсөн 30 мянган тн буудайг аль оны өмнө давуу эрх эдэлж дангаараа хуйвалдан худалдан авч улсад буудайн ямар ч нөөц үлдэгдэлгүй болгочихоод одоо нээх шударга царайлж санаа зовсон дүр эсгээд яах нь вэ дээ?Ичиж байгаасай” гэжээ.

Хилээ хаасан энэ өдрүүдэд Үндэсний үйлдвэрлэгч нар бараа бүтээгдэхүүний үнээ нэмэхгүй гэж мэдэгдээд байгаа юм.