Йордан улсад үргэлжилж буй Ази, Номхон далайн орнуудын олимпын эрх олгох боксын тэмцээний найм дахь өдөр /2020.03.11/ эрэгтэйчүүдийн 75 кг-д ОУХМ О.Бямба-Эрдэнэ Ираны боксчин М.Сеидшахинг ялж олимпын хоёр дахь эрхийг эх орондоо авчирлаа.
“Токио-2020” олимпын наадмын боксын эхний эрхийг өчигдөр /2020.03.10/ Армийн дэлхийн аварга Б.Чинзориг авсан билээ. Тус тэмцээнд хүч үзсэн боксчдоос хөнгөн жинд эхний зургаа, дунд жинд эхний тав, хүнд жинд эхний дөрвөн байрт шалгарсан тамирчдад Олимпын рингэд тулалдах эрх олгоно. Харин Йорданд ялагдал хүлээсэн боксчид олимпын наадамд хүч сорих үлдсэн эрхийн төлөө тавдугаар сард Парис хотноо тулалдах юм.