Корона вирусын халдвар авсан Франц иргэний биeийн байдал хүндэвтэр байна

Энэ сарын 2-нд Монгол Улсад ирсэн Франц иргэн коронавирусийн халдвартай болох нь тогтоогдсон. Тодруулбал, тэрбээр энэ сарын 2-нд ирсэн ч Улаанбаатар хотод байж байгаад 6-ны өдөр галт тэргээр Дорноговь явсан байдаг. Улмаар 7-ны өдөр халуурсан тул эмнэлэгт хандаж, шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гарч, коронавирусийн халдвар авсан нь батлагдсан юм.

Тэгвэл уг иргэнийг ХӨСҮТ-д авчран эмчилж байна. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Ц.Ганзориг “Хоёр хүүхдийн аав 57 настай, #COVIDー19-р өвдсөн Франц иргэнийг тангараг өргөсөн эмч нар эрүүл болгохын төлөө бүх зүйлээ зориулж байна.

ХӨСҮТ-д түүнийг авч ирэн эмчилж байна. Гадаадад байгаа Монголын 150 мянган иргэнээс өөрцгүй хандахыг ЗГ-ын зүгээс уриалж байна” гэв.

Мөн ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү “Франц иргэний биеийн байдал хүндэвтэр байна. Бид БНСУ, Япон, Италийг ажиглаж, мэдээг нь дамжуулж байгаа шиг дэлхий нийт бас манайхыг ажиглаж байгаа. Тиймээс монгол хүний ёс жудагийг харуулах ёстой. Монгол эмч нарын чадварыг гаргаж, энэ хүнийг эмчилж чадвараа үзүүлэх ёстой. Энэхүү Франц иргэн ажиглалтад байх хугацаандаа үүргээ биелүүлж, халуурч эхлэнгүүтээ Дорноговийн эмнэлэгт хандсан. Хэрвээ мэдээлээгүй, алдаа гаргаж удсан бол ямар хэмжээнд очих вэ гэдгийг бодолцох хэрэгтэй” гэсэн мэдээллийг өглөө.

Сануулахад, түүнтэй уулзсан нэгдүгээр зэргийн хавьтагчдаас шинжилгээ авахад 26 хүний хариу сөрөг буюу коронавирусийн халдваргүй болох нь эхний шинжилгээгээр батлагдаад байгаа билээ.