АН мөрийн хөтөлбөрөө баталгаажуулах хурлаа маргааш хийнэ

Ардчилсан нам Үндэсний бодлогын хороогоор мөрийн хөтөлбөрөө баталгаажуулах хурлаа цахимаар маргааш 14 цагт хийхээр төлөвлөсөн байна.

Учир нь УИХ-ын ээлжит сонгууль зургаан сарын 24-нд болно. Сонгуулийн хуулийн дагуу улс төрийн нам, гуравдугаар сарын 25-ны өдрөөс өмнө, бие даагчид дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс өмнө мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар аудитын байгууллагад хандах учиртай. Аудитын байгууллага нь дүгнэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх хуулийн зохицуулалттай.

Мөрийн хөтөлбөрөө аудитын байгууллагад хүргүүлэхээс  өмнө намууд мөрийн хөтөлбөрөө боловсруулж, намын дээд шатны хуралдаанаараа баталгаажуулах ёстой юм. Гэвч шинэ коронавирусийн анхны тохиолдол Монгол Улсад бүртгэгдсэнтэй холбоотойгоор хорио цээрийн дэглэмтэй энэ өдрүүдэд олон хүнийг нэг дор цуглуулж болохгүй учраас АН ийнхүү мөрийн хөтөлбөр баталгаажуулах хурлаа онлайнаар хийхээр төлөвлөжээ.