Хэрэглээний зээлийн үндсэн өр, хүү төлөх хугацааг 3 сараар хойшлуулсан ч нөхөн төлүүлнэ

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газрын хуралдаанаас гаргасан асуудлын талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Засгийн газрын хуралдаанаар Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярилцаж,  авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхой болголоо. Монгол улсын Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл өчигдөр хуралдаж шийдвэр гаргасан” гэлээ.

Харин уг шийдвэрийн талаар Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн тэргүүн, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Банкнаас зээл авсан аж, ахуй нэгж, компаниуд бидэнд хандсаар байна. Бид тэдний гаргасан саналын дагуу ямар зохицуулалт хийх талаараа Санхүүгийн зохицуулах хорооны зөвлөлийн хуралдаанаараа хэлэлцлээ. Ер нь арилжааны банкууд дээр нийт 1.5 их наяд төгрөгийн зээл бий. Тиймээс 90 хоногийн хугацаанд хэрэглээний зээл болон хүүг төлөхөөргүй болгож, хойшлуулж байна. Эхний ээлжинд зарчмын шийдвэрээ гарган, зөвхөн хэрэглээний зээл авсан иргэн, ААН-үүдэд түр боломж олгож байна. Нийт зэлдэгчийн 97 хувийг хувь хүмүүс авсан. Энэ шийдвэр гарснаар зээлээ төлөхгүй гэж ойлгож болохгүй. Дараа нь төлнө. 90 хоног нь зээл авсан хугацаан дээр нэмэгдэнэ” гэлээ.

Үүнд ипотек, машин, цалин, тэтгэврийн зээл бүгд зээл хамаарах аж. Энэ 90 хоногийн хугацаанд зээлээ төлөөгүй бол муу зээлдэгч болгож, хар жагсаалтад оруулахгүй гэсэн юм.

Үүнтэй холбоотойгоор Монгол банкнаас арилжааны банкууд руу мөнгөний нийлүүлэлт хийх асуудлыг мөн ярилцаж байгаа аж.