Монголын үрсийг олон болгож буй хос

Хөдөлмөрийн баатар, олимпын аварга боксчин Э.Бадар-Ууган гэргий Х.Азжаргал хамтран “Өүжин мед” үр шилжүүлэн суулгах төвийг байгуулаад таван жил болж байгаа.
Өнгөрсөн хугацаанд 1000 орчим гэр бүлд аз жаргал бэлэглэжээ.
Үр шилжүүлэн суулгах төв байгуулах болсон гол шалтгаанаа олимпын аварга Э.Бадар-Ууган “2008 оны олимпын дараа эх орондоо хэрэгтэй нэгэн зүйл заавал хийх ёстой хэмээн бодож байтал Асашёорюү Д.Дагвадорж Японы “Като Лэдиес” клиникийн захиралтай танилцуулж байсан. Тэр хүн боксын спортыг дэмдэг хүн байсан. Тэгээд л дэлхийд алдартай энэ эмнэлэгийн салбарыг монголд оруулж ирсэн” хэмээн ярьсан удаатай.
Дашрамд дуулгахад, Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган эхнэртэйгээ 8-р ангиасаа үерхэж нэг гэрт орсон гэдэг. Тэднийх нэг хүү, хоёр охинтой.
Хатагтай Х.Азжаргал нэгэн хэвлэлд нөхрийнхөө тухай ярихдаа “Бид хоёр намайг 8-р ангид байхад 2002 оноос албан ёсоор үерхсэн. Би анх нөхрийнхөө сормуусанд дурлаж байлаа. Өмнө нь бол бие биеэ таньдаг, хамт гадаа тоглодог хүүхдүүд байж байгаад намайг үерхье гэж гуйгаад тэгээд л үерхсэн. Ер нь би Бадарааг жаахан байхад нь “Сормуусыг чинь ганц будчихъя л даа” гэж аягүй их гуйдаг байсан. Сүүлд үерхдэг болоод “Бас сормуусан дээр чинь шүдэнз тавьж үзье гэнэ. Тэгээд л нөгөө сормуусыг нь будна. Шүдэнзний мод тогтоож үзнэ. Будахаар бүр сормуус нь аягүй дэрвийчихнэ. Тэгж их тоглодог байлаа” хэмээжээ.