Eрөнхийлөгч асан Ц. Элбэгдорж маргааш эх орондоо ирнэ

Eрөнхийлөгч асан Ц.Элбэгдорж маргааш эх орондоо ирнэ. Түүнийг АТГ-аас шалгаж байгаа бөгөөд тэрээр олон улсын хуралд оролцоод эх орондоо очиж чадахгүй байгаа талаар өөрийн цахим хуудастаа бичиж байв.

Токиогийн нислэг 13.00 цагт Улаанбаатараас хөөрч, орон нутгийн цагаар Токиод 19.00 цагт газардаад, маргааш 13.05 цагт Улаанбаатарт ирэх юм. Энэхүү нислэгт Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ирж байгаа талаараа тэрбээр өөрийн твиттер хуудастаа нийтэлжээ. Тэрбээр, “Нутгийн зүг хөлгийн жолоо залахад бэлэн боллоо. Улаанбаатараас Токиод МИАТ-ийн онгоц буух сайхан мэдээ сонслоо. Эх нутагтаа очих сургаар над руу ирэх дайралт ширүүсч байна. Ийм юм надад улам эрч хүч нэмж, намайг хурцалдаг. Цаг болж’ гэжээ.

Мөн тэрбээр, Намайг очих мэдээг албаны шугамаар түрүүлж авсан нэгэн их цочин сандарчээ. Ирүүлэхгүй араас нь гүтгээд сууж байх төлөвлөгөө нь нурж, “Чамайг тэнд хорино” гэж хүртэлж бичүүлж, сэвж, айлгаж дарамтлах гэж үзжээ. Ингэвэл ирэхээ больчих байх гэж тооцсон бололтой. Би үүнийг хараад юу гэж бодсоноо шууд хэлчихье. Хэрэв Халтмаагийн Баттулга Ерөнхийлөгчийн дараагийн сонгуульд дахин нэр дэвшвэл би түүнийг сөрж өрсөлдөх болно гэдгээ үүгээр зарлаж байна’ гэж тодотгожээ.

Ямартаа ч тэрээр ирээд “гутлаа тослоод, зангиагаа зүүгээд’ хуулийн байгууллага дуудахад нь очих бололтой.