Нэг дор 5-аас дээш цэрэгт татагдагч цуглуулахгүй байхыг даалгалаа

Улсын онцгой комиссын 15 дугаар хуралдаан 2020 оны дөрөвдүгээр сарын 09-ний өдөр болж дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд:

– Коронавируст халдварын цар тахалын улмаас үүссэн нөхцөл байдалтай уялдуулан 2020 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагыг Монгол Улсын Засгийн газрын 2019 оны мн/250 дугаар тогтоолд заасны дагуу 05 дугаар сарын 01-ний өдрөөс 15-ны өдрүүдэд хязгаарлагдмал хүрээнд зохион байгуулах,

– Нийслэл Улаанбаатар хот, Баян-Өлгий, Дорноговь, Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2020 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагын үйл ажиллагаа зохион байгуулахгүй байх,

– Зэвсэгт хүчний 032 дугаар анги хилийн ангиудаас бусад цэргийн нэгтгэл, ангид хугацаат цэргийн алба хаагч татахгүй байх,

– Улаанбаатар хүрээний хилийн болон дотоодын цэргийн ангиудад хугацаат цэргийн алба хаагч хуваарилахгүй байх,

– Цэрэг татлагын үйл ажиллагааг Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар болон аймгуудын Засаг даргын тамгын газар богино хугацаанд үр дүнтэй өндөр түвшинд зохион байгуулж явуулах,

– Зэвсэгт хүчний жанжин штабаас тогтоосон хяналтын тооны дагуу аймаг, орон нутагт байрлах хилийн ангиудад тухайн аймаг, зэргэлдээх аймгуудаас хугацаат цэргийн алба хаагчийг татах ажлыг хэрэгжүүлэх,

– Аймгийн цэрэг татлагын товчоо, эмч нарын комисс сумдад ажиллахдаа нарийвчилсан график төлөвлөгөө гаргаж, нэг дор 5-аас дээш цэрэг татагдагч иргэн цуглуулахгүй байх арга хэмжээг авч ажиллах,

– Аймаг, орон нутаг дахь цэрэг татлагын үйл ажиллагааны үеэр ариутгал, халдваргүйжүүлэлтийн горимыг чанд сахиж, улсын болон аймгийн онцгой комиссын шийдвэрийг чанд мөрдөж ажиллахыг даалгалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.