Д.Нарангэрэл: Шинжилгээ нь эерэг гарсан иргэн АНУ-аас холбогдож зөвлөгөө авсан

Дэлхийн 213 улсад COVID-19 халдвараар 3 сая хүн өвчилж, 1.9 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа тухай мэдээлийг ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр тус яамны Шуурхай удирдлагын төвийн дарга Д.Нарангэрэл мэдээлэв.

Тэрбээр “АНУ-д 1 сая хүн халдварлажээ. ОХУ-д халдварын тохиолдол нэмэгдэж БНХАУ-аас халдварын тоогоор илүү боллоо. Москва хотод халдварын тархалт өндөр байгаа учраас зургаан эмнэлгийг коронавирусын халдварын үед ашиглаж байна. ОХУ-д хөл хорионы дэглэмийг улам чангатгаж, бага насны хүүхдийг гадагш гаргахгүй байх чиглэл өгч эхэлсэн.

Манай улсын хувьд гадаадад байгаа иргэддээ утсаар зөвлөгөө өгч байгаа. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд гадаадын гурван улсаас иргэд хандаж зөвлөгөө авлаа. АНУ-аас нэг иргэн хандаж, шинжилгээгээр эерэг гарсан гэдгээ хэлээд зөвлөгөө авлаа.

Гадаа дулаарч байгаа энэ үед цонхоо онгойлгож агаар сэлгэх нь халдвар авах эрсдэлтэй гэсэн ташаа мэдээлэл явж байна. Агаар сэлгэлт хийх нь зөв. Мөн нарны гэрэл бол коронавирусын эсрэг маш сайн халдвархгүйжүүлэгч гэдгийг хэлмээр байна.  Тиймээс  нарны гэрэлд ор хөнжлийн даавуу ойр зуурын хэрэглэлэ зэргээ гаргаж тавьж байх хэрэгтэй’ гэсэн юм.