Зургаан шүүгчийг шүүх хурал хойшиллоо

“Салхитын мөнгөний орд’-ын хэрэгт холбогдсон Б.Мөнгөншагай нарын нэр бүхий 15 хүнд холбогдох шүүх хурал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хоёр өдөр үргэлжилсэн ч шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч Б.Сайханцэцэг өөрийн сонгон авсан өмгөөлөгч П.Одонтунгалагаас татгалзаж, өөр өмгөөлөгч авах хүсэлт гаргаснаар шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.

Иймд шүүгдэгч Б.Сайханцэцэгийн өмгөөлүүлэх эрхийг нь хангах үүднээс шүүх хуралдааныг хойшлуулж, 2020 оны тавдугаар сарын 14-ний өдрийн 10.00 цагт хэргийг хэлэлцэхээр товложээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн байдаг. Тэднээс зургаан шүүгчийг “Салхитын мөнгөний орд”-ын хэрэгт холбогдуулан хэргийг тусгаарлаж, яллах дүгнэлт үйлдээд байгаа юм.

Тодруулбал,

  • Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Г.Цагаанцоож, Ц.Амарсайхан, Д.Цолмон, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр,
  • Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар,
  • Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Сайханцэцэг,
  • Хахууль өгсөн үйлдэлд Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан, зуучилсан үйлдэлд Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн даргаар ажиллаж байсан, хошууч Г.Алтан-Очир нарын  15 хүнийг буруутган  Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 22.4, 22.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд шилжүүлээд байгаа билээ.