Л.Мөнхтүшиг:”THE HU’ хамтлаг чартeр нислэгээр эх орондоо ирсэн

Австрали улсад саатаад байсан “The Hu” хамтлаг Франкфуртын тусгай үүргийн онгоцоор эх орондоо иржээ. Энэ талаар ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Тус хамтлагийн талаар хүмүүс их сонирхож асууж байна. “THE HU” хамтлаг өнгөрсөн хоёрдугаар сард Австрали улсад тоглолт хийхээр очсон. Гэвч тэднийг очоод удаагүй байтал цар тахлын улмаас тус улс дахь бүх тоглолтууд цуцлагдаж, улмаар Австрали улс хилээ хаасан. Ингээд бүх нислэгүүд зогссон тул эх орондоо ирэх боломжгүй болсон.

Тус улсын ЭСЯ-нд эх орондоо буцах хүсэлтээ өгсөн 30 хүний дунд THE HU хамтлаг байсан. Хоёрдугаар сараас хойш эх орондоо ирэх хүсэлтээ өгсөн тэднийг “Хүндэтгэх шалтгаантай иргэд биш” гээд хүсэлтийг нь хүлээн авалгүй өдийг хүрсэн. Тус хамтлагийн зүгээс ч УОК-ын шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, хоёр сар гаруйн хугацаанд хүлээсэн. Тиймээс энэ удаа УОК-оос тус хамтлагийн удаа дараагийн хүсэлтийг хүлээн авч, харгалзан үзэх шаардлагатай гэж эх оронд нь авч ирсэн.

Иргэдийн хувьд хэн нэгэн хүнийг гомдоогоод эх орондоо ирсэн гэж битгий ойлгоорой. Тэд өмнөө маш олон хүмүүсийг хүндэтгэн, явуулсан” гэлээ.