Т.Заяа: Залуучуудад итгэх итгэлийг нь алдуулчихгүй юмсан гэж боддог

Ховд аймгийн Дөргөн сумын Засаг дарга Т.Заяатай ярилцлаа.

-Дөргөн суманд хаваржилт хэр болж байгаа талаар яриагаа эхлүүлье?

-Энэ жил салхи шуурга багатай сайхан хаваржилт болж өнгөрлөө. Өвөл нь өнөтэй хавар нь сайхан байсан учир малчид маань ч төр засгаасаа хөдөлмөрөө үнэлүүлж сумын аварга малчин тав, аймгийн аварга малчин тав, хоёр алдарт уяач төрсөн амжилт арвинтай жил эхэлж байна. Энэ нь  Дөргөнчүүд бидний гахай жилийн өнгө аясыг тодорхойллоо гэж харж байна.

Мөн Ховд аймагтаа хамгийн их тэмээтэй сумаар тоологдлоо. Сүүлийн үед тэмээг шинжлэх ухаан судалж байна. Тэмээний бөхнөөс хорт хавдараас сэргийлэх эм бэлдмэл гарган авч байгаа. Ингэний айраг хүний биеийн дотор хаван хөөдөг гэх ашиг тус нь их байна.

Бид дэлхийн нийтийг хамарсан ковид-19 халдвараас сэргийлж сумынхаа эмийн сантай хамтран иргэдийг маскжуулж, малчидынхаа дархлааг дэмжих аянг өрнүүллээ.

-Сумын Засаг даргаар гурван жил гаран ажиллачихлаа энэ хугацаанд ямар ажлуудыг хийв?

-2016 онд ард түмнийхээ итгэлийг хүлээгээд энэ хариуцлагатай албан тушаалд томилогдсон. Тиймээс залуучуудад итгэх итгэлийг алдуулчихгүй юмсан гэх хариуцлага бий болсон гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл залуучуудаа сонгоод ажиллуулах итгэлийг алдагдуулахгүйн төлөө өөрийгөө зориулж ажиллах ийм үүрэг хүлээсэн гэж боддог.

Анх ажил хүлээж авахад Монгол Улсын эдийн засгийн байдал хүнд суманд хуваарилагдах төсөв бага байсан. Сумын засаг даргын хувьд сумандаа болон иргэддээ тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх гүүр болж ажиллах, сум орон нутгаа хөгжүүлэх зайлшгүй шаардлага тулгарсан.Тиймээс аймгийн удирдлагууд, тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн болон аймгаас сонгогдсон гишүүдэд суманд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх хүсэлтүүдийг хүргүүлж, шийдвэрлэхэд анхааран ажилласаар ирлээ. Үүний үр дүнд хөрөнгө оруулалтыг татаж нэлээдгүй ажлуудыг сумандаа хийж гүйцэтгэсэн. Эдгээрээс дурьдвал соёлыг түгээх шинэ соёлын төвтэй боллоо. Багш ажилчид болон хүүхэд багачуудынхаа сурч боловсрох орчинд нэлээдгүй өөрчлөлт хийлээ.Төрийн байгууллагуудын үйлчилгээг хүртээмжтэй болгохын тулд нэг цонхны үйлчилгээг бий болголоо гээд дурьдаад байвал олон ажлууд бий.

Үүнээс гадна менежментийн хувьчлалаар төрөөс нэг ч төгрөг гаргахгүйгээр сумандаа нэгдсэн халаалтыг хувийн хэвшлээр хийлгэлээ. Өөрөөр хэлбэл тус хувийн хэвшил эрсдэлээ өөрөө үүрээд өөрийн хөрөнгөөр нэгдсэн халаалтын системийг суманд тавьж байна.

-Улсын хөгжил сумаас гэж ярьдаг. Тэгвэл сумын хөгжил мэдээж бид бүхний ирээдүй хойч үе болох хүүхдүүд. Та Засаг дарга болоод хүүхдүүдийн сурч боловсрох орчинд анхаарч ажиллалаа гэж байна. Яг ямар өөрчлөлтүүд хийсэн бэ?

-Бидний хойч ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа сурч боловсрох орчинд анхаарч сумынхаа цэцэрлэгийн 50 жилийн ойг тохиолдуулан шинэ бүтээн байгуулалтын ажлуудыг хийхээс гадна дунд сургуулийнхаа бүх ангиудыг электрон дэлгэцээр хангаж цахим болгосон.

Мөн сумын багш нарт тулгамдаж байсан нөүтбүүк, принтерээр хангалаа.

Хүүхэд, багачуудын сурч боловсрох орчноос гадна эрүүл орчинд тоглож наадах паркийг нь шинэчилж өглөө. Паркийн талбайд усан оргилуур, хөлбөмбөг, сагсан бөмбөг, элсний гарбөмбөг тоглох орчныг нь сайжруулж өглөө.

– Дөргөний усан цахилгаан станц одоо хичнээн аймаг сумыг тог, цахилгаанаар хангаж байна вэ?

– Ховд, Увс, Баян-Өлгийгөөс гадна Говь-Алтай аймгийн зарим сумдын тог, цахилгаанаар хангаж байна.

– Усан цахилгаан станц хэд хэдэн аймаг, сумыг цахилгаанаар хангадаг. Гэхдээ түүнийг дагасан эрсдэл суманд үүсдэг үү?

-Дөргөний усан цахилгаан станц 2008 онд ашиглалтад орсон. Жилд 60-80 сая төгрөгийг аймагтаа усны татвар болгож өгдөг байсан. Байгаль орчны тухай хуулиар тухайн газар нутагт нь нөхөн сэргээх зардалд 40 хүртэлх хувийг нь зарцуулах хуультай юм билээ. Тиймээс  2019 оны 11 сард Ховд аймгийн ИТХ-ын өргөтгөсөн хуралдаанаар 40 хүртэлх хувийг суманд олгох шийдвэрийг гаргуулсан.

Мөн энэ жилээс эхлээд усан цахилгаан станц бие даасан эрсдэлийн сантай болж байгаа. Энэ нь Дөргөний усан цахилгаан станц сумандаа жил бүр бас тодорхой бүтээн байгуулалтыг хийж байх, тодорхой асуудал үүсвэл эрсдлийн сангаас мөнгө гаргах боломжтой болсон гэсэн үг.

Учир нь ус ихтэй үед усан цахилгаан станцад сайн, зогсох эрсдэл байхгүй болдог ч  малчин, ард иргэдийн зуслан, өвөлжөө, хаваржаа усанд автдаг.

-Өөрөөр хэлбэл ус ихтэй үед гарах асуудлуудыг шийдээд явна гэсэн үг үү. Өмнө нь усан цахилгаан станцаас сумын төсөвт мөнгө төвлөрдөггүй байсан гэж ойлгож болох уу?

-Өмнө нь усан цахилгаан станцаас сумын төсөвт ямарч мөнгө төвлөрдөггүй байсан. Тиймээс усан цахилгаан станцын ус хальснаас үүдэн ийм хүндрэлүүд гарч байна гэдэг асуудлыг шат шатны байгууллага, удирдлагуудад хүргэсний үр дүнд энэ жилээс тодорхой хэмжээний мөнгө сумын төсөвт төвлөрч эхэлнэ. Энэ мөнгөөр мэдээж сумандаа болон иргэддээ тулгамдаад буй асуудлуудыг шийдвэрлээд явна.

-Сумын хувьд ажилгүйдэл хэр байна. Усан цахилгаан станцад сумаас хичнээн хүн ажиллаж байгаа вэ?

-Усан цахилгаан станцад нийт  48 хүн ажилладаг. Түүний 20 гаруй  хүн манай сумын иргэд. Мэдээж ажилгүй иргэдээ ажлын байраар хангах шаардлагатай. Гэхдээ ажилтай иргэдийг ажлаас нь чөлөөлж ажлын байраар хангах биш ажилгүй иргэдээ байнгын орлоготой болгох тал дээр анхаарч байна.

-Тухайлбал?

-Манай сум 24 цагийн тогтой учраас үйлдвэрлэл эрхлэх боломж нээлттэй. Тиймээс өрхийн үйлдвэрлэл болон жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд анхаарч байна. Дэд бүтэц буюу тог, цахилгаан нь бэлэн учраас одоо Бизнесийн инкуватор төвийг байгуулж ажиллах орчныг нь бүрдүүлж байна. Мөн  сумыг аймагтаа хатуу хучилттай замаар холбоход анхаарч байна.

-Дөргөн сум аймгаасаа 100 километрийн зайтай. Одоо хичнээн километр замыг хатуу хучилттай болгож байж аймагтайгаа хатуу хучилттай замаар холбогдох уу?

-Өнгөрсөн жилүүдэд 60 гаруй км замыг хатуу хучилттай болгосон. Одоо 40 гаруй километр замыг хатуу хучилттай болгохоор ажиллаж байна.

-Дөргөн суманд өнөөдөр зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай тулгамдаж буй асуудал юу байна?

-Сүүлийн үед улсын хэмжээнд хавдрын өвчлөл өссөн үзүүлэлттэй байдаг. Манай сумын хувьд ч бас өссөн үзүүлэлттэй оношлогдож байгаа учраас мэргэжлийн байгууллагад хавдар үүсэхэд нөлөөлж буй хүчин зүйлүүдийг нь судлуулахаар хандан ажиллаж байна. Сумынхаа нийт иргэдийг бүсийн оношилгоо үзлэгт хоёр удаа хамрууллаа. Мөн Бельгийн тусламжийн 60 гаруй сая төгрөгийн өртөгтэй алсын зайн оношлуурыг сумандаа шийдвэрлүүлсэн. Уг төхөөрөмжийн тусламжтайгаар суманд яаралтай хүнд өвчтөн ирсэн үед алсын зайнаас нарийн мэргэжлийн эмч нартай шууд холбогдон тусламж авах боломж бүрдсэн.

Манай сумын гадаргын ус ахуйн бохирдол ихтэй хэмээн мэргэжлийн байгууллага дүгнэдэг. Тиймээс сумын ард иргэдээ цэвэр усаар хангахын төлөө ажилллаж байна. Энэ жил гүний худаг гаргаж, зөөврийн усаар ханган, усаа цэвэршүүлэх төхөөрөмж сумандаа байгуулж асуудлыг цогцоор нь шийднэ.

Манай сумын бэлчээрийн даац гурав дахин нэмэгдсэн гэсэн судалгаа гарсан. Тиймээс бид төр болон малчидтайгаа нийлэн 10 га газарт  овъёос зэрэг малын тэжээллэг ургамлыг тариалахаар бэлтгэл ажлаа хангаж байна.

-Одоо тэгвэл унданы усаа хаанаас авч хэрэглэж байгаа юм бэ?

-Зөөврийн машинаар ундны усаа хангадаг. Энэ онд гүний худгаа сэргээн засварлах ажлуудыг хийнэ.

-Дөргөн сум Хар ус нуурын хөвөөнд оршдог. Тэгээд ундны усны асуудал хүнд тулгамдсан асуудал болсон гэхээр уншигчид гайхаж магадгүй. Хэзээнээс ундны ус тулгамдсан асуудлын нэг болчихсон юм бол?

– Монгол орны гурван том нуурын  хөвөөнд байж ундны усны асуудал гээд ярихаар хүмүүс их гайхдаг. Манай сумын газар нутгийн 30 орчим хувийг Хар ус нуур эзэлдэг. Гэсэн хэдий ч сүүлийн 20 орчим жил ундны усны асуудал манай суманд тулгамдсан асуудал болсоор байна. Тиймээс цэвэржүүлэх төхөөрөмжийг сумандаа байгуулж иргэд ухаалаг картаар цэвэршүүлсэн усаа худалдан авах боломжийг нээж өгнө.

-Сүүлийн үед Монгол улсын хэмжээнд бэлчээр даац хэтэрсэн гэх асуудал нэлээн их яригдах болсон. Танай сумын хувьд бэлчээрийн даац хэр байна вэ?

-Манай сумын хувьд говь, хээрийн бүсэд харьяалагддаг их онцлог сум. Тиймээс ч малчид маань хатуу хүнд цаг үеийг даван туулдаг. Гэсэн хэдий ч манай малчин ард маань энэ жил чамлахааргүй амжилттай угтсан.

Сумын хувьд бэлчээрийн даац гурав дахин хэтэрсэн гэсэн судалгаа гарсан. Гэвч бид төр засаг болон малчидтайгаа хамтран 10 га газарт малын тэжээл тарихаар бэлтгэл ажиллаа эхлүүлээд байна.

-Сүүлийн үед аймаг, орон нутгаас сонгогдсон гишүүд орон нутагтаа анхаарч ажиллаж чадахгүй байна мартчихдаг гэх яриа их гарах болсон. Дөргөн сумаас УИХ-д хэн сонгогдов. Холбоотой хамтарч ажиллаж чадаж байна уу?

-Бид мартуулахгүйн тулд ажиллах ёстой гэж боддог. Тийм учраас УИХ-д сонгогдсон гишүүдтэй ойр ажиллаж байна. УИХ-ын гишүүдийг намын төлөөлөл гэхээсээ илүү ард иргэдийн төлөөлөл болж улс эх орны эрх ашгийн төлөө ажиллах ёстой гэж боддог. Манай тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Пүрэвдорж, мөн Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дарга С.Бямбацогт, О.Батнасан гишүүнтэй холбоотой хамтарч ажиллаж байна. Ер нь төрийн ажил хийнэ гэдэг нь ард иргэдийг төрийн үйлчилгээг саадгүй авахад холбон ажиллах гэдгийг шат шатандаа ойлгон хамтран ажиллаж байна.

Манай сайтын урилга хүлээн авч хүрэлцэн ирж ярилцлага өгсөн танд баярлалаа. Цаашдынх нь ажилд амжилт хүсье.

 

 

 

 

 

 

 

.