Монгол Улсад хууль ёсоор байнга оршин суудаг хүүхдэд тэтгэмж олгоно

Гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэд болон Монгол Улсад хууль ёсоор байнга оршин суудаг гадаадын иргэдээс хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүсэлтүүд хөдөлмөр халамж үйлчилгээний газарт олноор иржээ. Иймд Коронавируст халдварын цар тахлын үед хүсэлт гаргасан гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэний болон Монгол Улсад хууль ёсоор байнга оршин суудаг гадаадын иргэний хүүхдэд Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн 100 мянган төгрөгийг хүсэлт гаргасан сараас эхлэн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл олгохоор шийдвэрлэсэн байна. Одоогоор 2020 оны 04 дүгээр сарын байдлаар  гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэний 18 хүртэлх насны 27 мянган хүүхдээс 12 мянга нь Хүүхдийн мөнгөн тэтгэмжээ авдаг байна.

Цар тахлын тархалтын үед Засгийн газраас Нийгмийн халамжийн чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд 10 дугаар сарын 01-нийг хүртэл хүүхэд бүрд 100 мянган төгрөг олгохоор болсон. Үүнтэй холбоотойгоор Хүүхдийн мөнгөн тэтгэмжид шинээр хамрагдах хүсэлт гаргасан хүүхдийн тоо 20 мянгаар нэмэгдсэн бөгөөд цаашид нэмэгдэх хандлагатай байна.