Сүхбаатар, Хэнтий аймгийн замын хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлана

Нийт нутгаар өнөөдрөөс эхлэн гурав хоногийн туршид эрс хүйтэрч, орон нутагт хүчтэй шороон болон цасан шуурга шуурна гэдгийг ОБЕГ болон УЦОШГ анхааруулж буй. Тодруулбал, өнөөдөр /2020.05.15/ төвийн аймгуудын ихэнх нутгаар 16,17-ны өдрүүдэд төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орж салхи секундэд 18-20 метр, говь тал хээрийн нутгаар секундэд 24-26 метр хүрч ширүүсч, онц хүчтэй цасан болон шороон шуурга шуурна.

Ойрын гурав хоногт болох байгалийн гамшигт үзэгдэл нь 2008 оны тавдугаар сарын 26, 27-нд болсон цаг агаарын онц аюултай үзэгдэлтэй төстэй байх ажээ. Энэхүү байгалийн гамшигт үзэгдлийн үеэр 52 хүн амь насаа алдаж, 324 бог мал сүйдэж 100 байшингийн дээвэр хуурч, цахилгааны шон нурж тог тасарч байв.

Цаг агаарын нөхцөл байдал муудаж байгаатай холбогдуулан Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймаг, Дундговь, Өмнөговь, Дорноговь болон зүүн гурван аймагт ажиллаж байгаа Цаг агаарт зориудаар нөлөөлөх экспедицүүдийн үйл ажиллагааг гурав хоногийн хугацаагаар буюу тавдугаар сарын 17-ныг дуустал зогсоосон аж.

Мөн Сүхбаатар аймаг өглөөний 08.00 цаг, харин Хэнтий аймаг өглөөний 10.00 цагаас тус, тус эхлэн орон нутгийн замын хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлах шийдвэр гаргажээ.