УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат нарын хүмүүст холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшиллоо

УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2020.05.22 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд 09:00 цагт товлогдсон.

Улмаар шүүх хуралдааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй гэх үндэслэлээр шүүгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзжээ. Шүүгчийн уг татгалзлыг тус дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэх хүртэл хугацаанд яллагдагч Д.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг хойшлуулжээ. .

Түүнийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцааг худалдан авах Засгийн газрын эрхээс татгалзаж, “Монголын зэс” компанид олгох ажлыг зохион байгуулахад оролцсон гэх хэрэгт яллагдагчаар татаад байгаа билээ.

Д.Эрдэнэбаттай хамт Сангийн сайд асан Б.Болор болон Зам, тээврийн сайд асан Д.Ганбат, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал нарын долоон хүнийг шүүх юм.