Л.Пүрэвбаатарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөллөө

Нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн УБТЗ-ын ХХН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарт холбогдох эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн, шүүгдэгч Л.Пүрэвбаатарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт заасан “Төрийн бус байгууллага аж ахуйн нэгжийн албан тушаалтан бусдад давуу байдал олгож, хууль тогтоомж, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас аж ахуй нэгж байгууллагад үлэмж хэмжээний хохирол учруулсан“ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнээс 13.930.443 төгрөгийг гаргуулж “ Улаанбаатар төмөр зам ” ХНН-т олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Л.Пүрэвбаатар нь 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд 5.100.000 төгрөг төлсөн тул түүнээс үлдэгдэл хохирол 8.830.443 төгрөгийг гаргуулж хохирогч “ Улаанбаатар төмөр зам” ХНН-т олгох, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцон 2.688.000 төгрөгийг тус тус гаргуулахаар шийдвэрлэлээ.
Улмаар шүүгдэгч Л.Пүрэвбаатарын гэм буруутай үйлдэл Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан батлагдсан “Өршөөл үзүүлэх тухай“ хуулийн үйлчлэлд хамаарч байх тул тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөллөө.