Э.БАТ-ҮҮЛ ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙГ ХАЛЗ МЭТГЭЛЦЭЭНД ДУУДАВ

УИХ-ын сонгуулийн 18 дугаар  тойрог буюу Хэнтий аймагт нэр дэвшин өрсөлдөж байгаа Улсын баатар Э.Бат-Үүл МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон түүнтэй хамт нэг баг болон тус тойрогт өрсөлдөж буй Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарыг халз мэтгэлцээнд дууджээ. Тэрбээр энэ тухайгаа Хэнтий аймгийн Баянмөнх сумын иргэд, сонгогчидтой уулзах үеэр мэдэгдсэн байна.  Халз мэтгэлцээнийг АН болон МАН-аас 2020 оны сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө танилцуулж, иргэд, сонгогчдод мэдээлэл өгөх зорилго дор хийхийг онцолсон аж. Гэвч Хэнтий аймагт МАН-аас өрсөлдөж байгаа нэр дэвшигчид одоогоор хариу ирүүлээгүй байгаа юм.

Мөн  нэр дэвшигч Э.Бат-Үүл Баянмөнх сумын иргэд сонгогчидтой уулзах үеэрээ эдийн засгийн нөхцөл байдал амаргүй болсныг дуулгажээ. Тэрбээр  “Хүн ардыг битүү айдас нөмөрч байна. Малчид маш ёс бусаар хулхидуулж хохирсон. Ингээд малчин хүн гомдлоо хэлэхийг хүсэхгүй байгаа нь дарангуйлал айсуйн дохио. Залуус маань тэмцэхгүй болохоор дарангуйлал даврах гээд байна. Социализмыг нураалцсан болохоор намайг 30 жилийн турш гүтгэж доромжилж, цовдлуулж дуусч байна. Энэ улсын баатрын тэмдэг бол ардчиллын төлөө хамт тэмцсэн мянга мянган баатрууд та бүхнийг төлөөлүүлэн өгсөн та бүхний алдрын тэмдэг юм. Ардчилсан нам амласнаа дандаа биелүүлдэг. Малыг малчдад, газрыг тариаланчдад, иргэддээ орон сууц, хүүхдэд мөнгө өгүүлсний төлөө 30 жил хонзогнож, ад зэтгэрийн амьтан болгож байна. Өнөөдрийн нөхцөлд сонгуулийн дараа эдийн засаг маш хүнд байдалд орно. Иймээс Ардчилсан нам энэ хямралаас гарахын тулд маш хурдан өрхийн орлогыг нэмье гэж сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасан. Эдийн засгийн хувьсгал хийнэ. Өнөөдөр олигархиуд байгалийн баялгийг хоорондоо булаалдаж байна” гэдгийг онцолжээ.