Өвөрхангай аймгийн ЗҮРХ Арвайхээр сумын иргэдтэйгээ уулзлаа

УИХ-ын Өвөрхангай аймаг дахь 10 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Б.Ганхөлөг, О.Алтангэрэл, Ч.Даваабаяр нарын нутгийн иргэдтэй хийх уулзалт үргэлжилж байна. Тэд энэ сарын 2-ноос уулзалтаа эхлүүлж энэ хугацаанд 14 сумын иргэдтэй уулзалт хийж мөрийн хөтөлбөр мөн аймаг, сумдад тулгарч байгаа асуудлыг шийдэх гарц шийдлээ танилцуулжээ.

Тэгвэл өнөөдөр 9 дэх өдрөө аймгийн төв болох Арвайхээрийн иргэдтэй уулзалт хийж мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Арвайхээр сумын 10 багт 8200 гаруй хүн ажиллаж амьдардаг. Газар нутгийнхаа хэмжээгээр Өвөрхангайн сумдаас хамгийн жижигт тооцогддог ч хамгийн их хүн төвлөрсөн сум юм. Хүн амын төвлөрөл ихтэй энэ хотод ажлын байрны дутагдал, ядуурал, утаа зэрэг олон асуудлууд байдаг.

Өвөл утаагаараа Улаанбаатар хотын утаанаас нэг дахин их байдаг гэх судалгаа гарчээ. Ардчилсан намаас нэр дэвшигчдын мөрийн хөтөлбөрт энэ асуудлуудыг шийдэх гарц, бодлого төлөвлөгөө байгааг нэр дэвшигчид иргэдэд танилцуулсан юм.

Арвайхээр сумаар баруун аймгууд руу зорчих авто зам дайран өнгөрдөг. Энэ сумыг тойроод Өвөрхангай аймгийн түүхт дурсгалт газрууд оршдог. Тийм учраас аялал жуулчлал хөгжих бүрэн боломжтой юм. Гэвч нутгийн удирдлагуудын энэ тал дээр авч хэрэгжүүлэх ажил, бодлого байхгүй учраас нутгийн хөгжил удаашралтай байна. Иргэд уулзалтын үеэр залуусынхаа боловсрол, ирээдүй мөн нутгийн хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулдаг жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжих хэрэгтэй байгааг сануулж байлаа.

Нэг нам хэт удаан энэ суманд ноёрхсон учир боловсрол эзэмшээд нутагтаа ирсэн залуучууд тус намын харьяалалгүй л бол ажилд ороход хүндрэлтэй байгааг хэлж байсан юм. Тийм учраас сумандаа өөрчлөлтийг авчрах цаг нь болсон гэж үзэн Aрдчилсан намаас нэр дэвшигчдийг багаар нь дэмжихээ илэрхийллээ. Нэр дэвшигчдийн иргэдтэй хийх уулзалт цаашид нутгийн урд хэсэгт оршдог Гучин-Ус, Богд сумдад үргэлжилнэ.

#ХАЛЪЯ #САЛЪЯ #СОЛЬЁ