УИХ-ын сонгуулийн 29 дүгээр тойрогт АН-аас нэр дэвшигч, хуульч Ч.Өнөрбаяртай ярилцлаа.
-Төрж өссөн нутаг ус, аав, ээжийн тань талаар ярилцлагаа эхэлье. Та хаана төрсөн, бага насныхаа тухай ярихгүй юу?
-Би Өвөрхангай аймагт төрж, өссөн. Аав минь Өвөрхангайн Зүүнбаян-Улааных, ээж минь Тарагт сумын уугуул. Хүүхэд байхдаа дэггүй, сахилгагүй хүүхэд байлаа. Нийгмийн ухааны чиглэлийн хичээлүүддээ сонирхолтой байсан. Тэр дундаа уран зохиол, газарзүйн хичээлдээ илүү сонирхолтой хүүхэд байлаа. Мөрөөдөл минь дэлхийгээр аялах байсан. Тиймээс газарзүйн хичээлдээ илүү дуртай байсан. Тэгээд ахлах ангид ороод хуульч, өмгөөлөгч болохоор зорьж эхэлсэн дээ.
-Ардчилсан нам энэ удаагийн сонгуульд өсөлтийг өрх бүрт уриатай оролцож байна. Мөрийн хөтөлбөрийн гол зорилтууд юу байна вэ?
-Би эрх барьж буй МАН-ын “Хүчээ нэгтгэе” гэх уриаг ойлгохгүй байгаа. 2016 оны сонгуулиар ард түмэн тэдэнд 65 суудлыг өгсөн. Нийслэл, орон нутагт бараг бүгдэд нь ялалт байгууллаа. Одоо хүчээ нэгтгэе гэж яг ямар утгаар хэлээд байгаа юм бол. УИХ-д 76 суудал авах гээд байгаа юм уу, нийслэлд 100 хувь ялалт байгуулах гээд байгаа юм уу. Тэгж байж ажил хийх юм уу. Энэ хүмүүст эрх мэдэл, хүчийг өгсөн шүү дээ. Гэтэл асуудал шийдэгдээгүй. Тэгэхээр энэ уриа нь ойлгогдохгүй байгаад байгаа. Манай нам мөрийн хөтөлбөрөө өсөлтийг өрх бүрд хэмээн дэвшүүлсэн. Үнэхээр эдийн засагт өсөлт байгаа бол тэр нь өрх бүрт очих ёстой. Хэн нэгэн компани, улстөрчдийн халаасанд биш, өрх бүрт орлого нэмэгдэх ёстой. Хууль нь эрхтэн, дархтан, ЖДҮ-чин, концесчдыг хамгаалдаг биш, иргэнээ, өрх гэрийг хамгаалдаг байх учиртай. Өрх дотор аав, ээж, үр хүүхэд гээд Монголын нийгмийн бүх л анги, давхарга багтаж байгаа. Тиймээс Монгол хүнээ хамгаалдаг ийм хуулийн системтэй болох ёстой. Энэ мэтчилэн урианаасаа харсан ч энэ хоёр намын бодлогын зөрүү харагдаж байгаа гэж бодож байна.
-Танай намын хувьд төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцох хуулийн төслийг ярьдаг. Энэ удаагийн мөрийн хөтөлбөртөө ч оруулж ирсэн байна лээ?
-Төрийн хариуцлага гэдэг зүйл дээрээсээ явах ёстой. Зөрчлийн хуулиар УИХ-ын гишүүн, сайд нарт хариуцлага тооцохгүй мөртлөө жирийн иргэн, аж ахуйн нэгжүүддээ бид хариуцлага тооцоод байна. Төрийн албаны хуулиар УИХ-ын дарга, Ерөнхий сайд нь хариуцлага хүлээдэггүй, гэтэл жирийн ажлаа хийж байгаа төрийн албан хаагчийг улс төрийн зорилгоор халж, сольдог, цалинг нь бууруулж, ажлын цагийг нь хүртэл хурууны хээгээр бүртгээд арга хэмжээ аваад байдаг. Гэтэл нөгөө л УИХ-ын гишүүн, сайд дарга нар гээд төрийн өндөр албан тушаалтнууд, улс төрийн албан тушаалтнууд хариуцлага хүлээдэггүй. Тиймээс бид улс төрийн албан тушаалтнуудад хариуцлага тооцдог бие даасан хуультай болох ёстой. Өнөөдөр улс төрийн албан тушаалтнууд ажлынхаа цагаар яагаад GYM-д очиж төмөр өргөөд, кофе шопт суучихаад хувийнхаа бизнесийг яриад суугаад байдаг юм. Төрийн өндөр албан тушаалтнууд яагаад албаны машинаараа хүүхдээ сургуулиас нь зөөлгөж, авахуулаад байдаг юм. Өдөр тутамдаа юу хийж, хэнтэй уулзаж, ямар ажил хийж байгааг нь яагаад нэгдсэн байдлаар Их хурлын Тамгын газар, ЗГХЭГ бүртгээд олон нийтэд мэдээллэдэг байж болохгүй юм. Ингэж байж энэ хариуцлага гэдэг юм эхэлнэ. Сонгогдож гарч ирчихээд нэг ч хуулийн төсөл санаачилдаггүй, бодлого ярьдаггүй, дөрвөн жилийн дараа тойрогтоо ирснээ “одоо л би УИХ-ын гишүүний ажилд суралцах гэж байна. Одоо ойлгочихлоо. Намайг сонгоод өг” гэдэг зарчим байж таарахгүй ээ. Тэгэхээр бид Монголын улс төрд цоо шинэ соёл, зөв жишгийг тогтооно.
-Та тавдугаар сарын 25-наас Засгийн газар Үндсэн хуулийн өөрчлөлтөөр бүтцээ өөрчилнө гэдэг зүйлийг ярьж байсан. Тавдугаар сарын 25 нь өнгөрчихсөн боловч ямар нэгэн өөрчлөлт Засгийн газарт гарсангүй шүү дээ?
-Төрийн түшмэд өөрсдөө Монгол төрийн хуулийг өшиглөж байсан түүх байхгүй л дээ. Хуулийнхаа дээгүүр давж алхаж байсан түүх үгүй. Монгол хүн уурган дээгүүрээ давж алхахыг цээрлэдэг шүү дээ. Үүнтэй адил Монгол төрд ажиллаж байгаа хүн хуулийнхаа дээгүүр давж алхахыг цээрлэдэг байсан. Тийм л ард түмэн. УИХ-ын гишүүн болоод хүмүүс төрийн сүлдэндээ тангараг өргөдөг. Тангараг дээр нь “Хэрвээ би тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” гэж байдаг. Хуулийн хариуцлага хүлээнэ гэж тангараг өргөчихөөд яагаад хуулийн хариуцлагаа хүлээдэггүй юм. Үүнийг би ойлгохгүй байна. Монгол төрийн түшээд болж байгаа хүмүүс тангараг өргөхөөс авахуулаад хууль дээдлэх зарчим гэдгийг тэндээс мөрдөж эхлүүлэх ёстой. Үндсэн хуулийг МАН-ын 65 гишүүн баталсан шүү дээ. Тэгэхээр баталсан Үндсэн хуулийнхаа дээгүүр алхчихсан гэсэн үг. Нэг үгээр Үндсэн хуулиа дэвсэлж, хууль дээдлэх ёсыг эрх баригчид өөрсдөө өшиглөчихсөн юм. Ингэхээр Монголд хэн хуулийг дээдлэх юм. Хууль дээдлэх ёс, Монгол төрийн уламжлал яах юм. Ирээдүйд маш том буруу жишгийг тогтоочихлоо гэж харж байна. Үүнийг бид залруулж, засах ёстой.
-УИХ-д яагаад нэр дэвших болов?
-Би УИХ-ын танхимд чухал хуулиудыг оруулж байсан. Хариуцлагын хууль, давхар дээлийг тайлах хууль, улс төрийн намын хууль гээд. Тэр хуулиудыг би ганцаараа биш, маш олон мэргэжлийн хүмүүс, судлаачид нэгдэж, хэдэн хоног нойр хоолгүй зүтгэж байж хийсэн байдаг. Гэтэл эрх мэдэлтнүүд, улстөрчид тэр хуулийг орж ирэнгүүт нь нулимаад гаргахыг би өөрөө харсан учраас, энэ зүйлийг дотор нь орж байж өөрчлөх ёстой юм байна гэдэг бодлоор улс төрд орж байгаа.
-Та УИХ-д гараад ямар бодлогыг барьж ажиллах вэ?
-Хийх ажлууд тодорхой байгаа. Түрүүн ярьсан улс төрийн албан тушаалтнуудын хариуцлагын асуудал байна. Энэ хуулийн төсөл бэлэн байгаа. Одоо миний гар дээр 23 хуулийн төсөл байж байна. Энэ хуулийн төслүүдээ батлуулахын тулд явна. Өмнө нь батлуулсан Шилэн дансны хууль, Хариуцлагын хууль, Гэр бүлийн хүчирхийллийн хуулиудын хэрэгжилтийг хангуулахын төлөө явна. Монгол Улсын Ерөнхий сайд төрийн хуулийн биелэлтийг хариуцдаг. Тэгэхээр би Монгол Улсын Ерөнхий сайд хэн ч болсон бай тэр хүнээс Монгол төрийн хуулийн биелэлтийн талаар олон нийтэд тогтмол мэдээлдэг байхыг шаардаж ажиллана.
-Гол өрсөлдөгчөө хэнийг гэж харж байна?
-Надад өрсөлдөгч байхгүй. Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж байгаа тэр олон мэдлэг, боловсролтой залууст нэг сэтгэл байгаа. Энэ Монгол Улсыг хөгжүүлчих юмсан, зөв зам руу нь оруулчих юмсан гэдэг бодолтой байгаа. Цаагуураа нэг зорилготой учраас би өрсөлдөгч гэж харахгүй.
-Та сошиал орчиндоо “УИХ-ын гишүүн болоход надад суралцах шаардлага байхгүй” гэсэн байна лээ. Хүн бүр л янз бүрээр хүлээж авч байх шиг. Жишээ нь, Ерөнхий сайд асан С.Баяр таныг шүүмжилсэн харагдана лээ. Үүнд тайлбар өгөхгүй юү?
-Би “Шинэ тооллын 100” нэвтрүүлэгт орохоосоо өмнө “Ер нь хүн цаг ямагт бусдаас суралцдаг юм” гэдэг үгийг хэлж байсан юм. Гэхдээ би УИХ-ын гишүүний ажилд суралцах шаардлагагүй гэж хэлсэн. УИХ-ын гишүүн гэдэг хууль санаачилж, бичдэг л ажил шүү дээ. Надад 23 хуулийн төсөл батлуулсан туршлага байна. Тэрүүгээрээ би шинээр суралцах шаардлагагүй гэдэг үгийг хэлсэн. Монголын хуучны улстөрчид худлаа ихэрхдэгээ болимоор байгаа юм. Үнэхээр ирээдүйдээ санаа зовоод байгаа бол улс төрд шинээр орж байгаа хүмүүстээ зөвлө л дөө. Алтан сургаалаа хайрла л даа. Алддаггүй хүн, нурдаггүй эрэг гэж энэ хорвоод хаана байдаг юм. Өнөөдөр тэд алтан толгойтой мөнгөн цээжтэй, алдахгүйгээр энэ хүрээд ирсэн юм уу. Ерөнхий сайд болохын тулд тэр хүн зөндөө л алдсан байгаа. Бид нарын насыг туулаагүй юм уу л гэж хэлье.
Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН