“Ж.Эрдэнэбатын бүрэн эрх нь хэргээс зайлсхийх шалтгаан болохгүй’

Энэ сарын 11-нд Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг цагдан хорих захирамжийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан.

Тэрээр 2016 онд Сэлэнгэ аймгаас сонгогдон УИХ-ын гишүүн болсон бөгөөд энэ жил ч мөн тус аймагт нэр дэвшээд байгаа билээ. Түүнийг цагдан хорьсонд МАН болон зарим иргэд МУ-ын Үндсэн хууль болон УИХ-ын тухай хуулийг ноцтой зөрчлөө хэмээн мэдэгдсэн.

Тэгвэл өчигдөр Шүүхээс мэдээлэл хийсэн юм. Ж.Эрдэнэбатад шүүхээс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шалтгаан нь шүүгдэгч нарт холбогдох хэрэг удаа дараа зарлагдахад түүнийг өөрийн биеэр ирэхгүй байсан нь шүүхийг үл хүндэтгэсэн.

Мөн УИХ-ын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн гуравт зааснаар “Гишүүн бүрэн эрхийнхээ хүрээнд хэлсэн үг, дэвшүүлсэн санал, өөрийн санаачилсан хууль, УИХ-аар хэлэлцүүлэхээр оруулсан асуудлын төлөө бүрэн эрхийнхээ хугацаанд болон түүний дараа хуулийн хариуцлага хүлээлгэхгүй” гэж хуульчилсан байдаг. Тэгэхээр дээрх төрлийн ажиллагаа нь тухайн гишүүний улс төрийн итгэл үнэмшлийг хамгаалснаас бус тодорхой гэмт хэрэг зөрчил нь хамаарахгүй. Хэргээс зайлсхийх шалтгаан болохгүй гэж үзжээ.

 

Сануулахад: Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат 1462.82 га талбайг хамаарах  ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг таван сая төгрөгөөр худалдан авч, улмаар өөрийн найз “Алтай Констрашкн”-ын Х.Бат-Эрдэнэд нэг сая төгрөгөөр зарсан гэх асуудалд холбогдоод байгаа.