Энэ сарын 15 гэхэд 2021 оны төсвийг баталсан байх учиртай. Хуулийн хугацаа нь ийм. Төсвийн хэлэлцүүлэг чанаргүй болдог тухай УИХ-ын гишүүдийн гомдоллож байгаа нь үнэний ортой. Хуулийн хугацаанд хавчигдсан яаруу сандруу хэлэлцүүлэг бушуу туулай борвиндоо баастай гэдгийн жишээ болсоор ирсэн.
Ирэх жилийн төсвийн зураглалыг харвал 11.8 их наяд төгрөгийн орлого олж, харин 13.9 их наядын зарлагатай байхаар тооцоолжээ. Товчхондоо 2.2 их наяд төгрөгийн алдагдалтай буюу хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж чадаагүй төсөв. Дутуугаа зээлээр нөхнө. Энэ нь ирээдүйдээ үлдээж буй өр.
Үндсэн хуулийн цэцэд очоод байгаа төсвөө “шаардлага хангасан” хэмээн дүгнэв
Өчигдөр /2020.11.04/ УИХ-ын ТББХ 2021 оны улсын нэгдсэн төсвийн төсөл нь шаардлага хангасан гэж үзэж нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо. Үнэхээр шаардлага хангасан уу…
Эдийн засагчид ирэх жилийн төсвийн төслийг 2020 оны төсвийн төсөлтэй андуурмаар адилхан хэмээн тодорхойлсон нь бий. Тэгэхээр өмнөх төслөөсөө ялгарах зүйлгүй, “амбицаа дарж амиа аргацаасан шинжтэй” гэсэн тодоотголыг санал нийлэхээс аргагүй мэт.
Хуульч Б.Гүнбилэг 2021 оны нэгдсэн төсвийн төслийн холбогдох заалтуудыг Үндсэн хуулийн цэцэд шалгуулахаар хандаад байгаа. Үндэслэл нь тэгш байдлын зарчим алдагдсан гэж үзжээ. Энэ бол анхны бөгөөд ихэд олзуурхууштай тохиолдол. Олзуурхах тухайд гэвэл Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр УИХ өргөн мэдүүлсэн төсвийг нэмж хасах эрхгүй. Тиймээс төсвийн хуваарилтад Засгийн газрын чихийг зөөлрүүлэх нэг арга нь ҮХЦ байхыг үгүйсгэхгүй. Түүнчлэн зарим улстөрчид төсвийг ялгавартай хуваарилах нь гэмт хэрэг мөн гэсэн байр суурийг илэрхийлээд байна.
Түүнчлэн ажлын байр нэмэгдүүлэх, баялаг бүтээх, үйлдвэрлэгчдээ дэмжсэн бодлого 2021 оны төсөвт суугаагүй, бүтээлч бус гэсэн шүүмжлэлийг хэлж байгаа. Тухайлбал, ЖДҮ буюу жижиг дунд үйлдвэрийн зээлд сохор зоос ч төлөвлөөгүй нь энэ Засгийн бодлого хаашаа хадуураад байна вэ гэсэн эргэлзээг төрүүлмээр байгаа юм.
Энэ мэтээр ухаж төнхвөл олон “НО” илрэх бололтой.
Төсөв төөрдөг буюу эзгүй газар эмнэлэг барьсан нь
Ер нь төсвийн хуваарилалт хэр оновчтой, ямаршуухан үр дүнтэй байдаг вэ. Энэ асуултыг зарим нэг жишээгээр тодруулъя.
Ерөнхийлөгч Х.Баттулгыг энэ намар баруун бүсийн аймгуудад ажиллах үеэр Баянхонгор аймгийн иргэн Батбаяр нэг ноцтой асуудлыг хөндөж байв. Тэрбээр “…Бүтээн байгуулж байгаа нь сайн зүйл боловч улсын төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулах, ашиглалтын зардал ихсэх гэх мэт асуудлууд байна. Жишээ нь, Жинст суманд гэхэд сургуулийн дотуур байранд 41 хүүхэд амьдарч байна. Гэтэл тэнд 150 хүүхдийн дотуур байр барьчихсан. Шинэ суурьшлын нэг ч айл байхгүй, дэд бүтэц байхгүй газарт өрхийн эмнэлэг баригдаад жил гаруйн хугацаа өнгөрлөө. Төсөвт өртөг нь 1.5 тэрбум төгрөг байсан ч нэмж 2.4 тэрбум төгрөг болсон. Би юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр, хөрөнгө оруулалтын сахилга хариуцлагын тал дээр онцгой анхаарахгүй бол нэг ч айл байхгүй хээр талд сургууль, эмнэлэг барьсаар байх уу” гэжээ. Хөдөөний жирийн иргэний нүдэнд төсвийн үр ашиг иймэрхүү янзаар буужээ.
Хэдхэн жилийн өмнө Төв аймагт 800 хүний суудалтай шинэ театр ашиглалтад орсон. Тухайн үед театрын барилгыг хэт нүсэр том гэсэн шүүмжлэл гарч байв. Үнэндээ энэ театр баригдсан цагаасаа хойш хэзээ ч суудал нь үзэгчдээр дүүрч байгаагүй гэлцэх юм билээ.
Ирэх жилийн төсөвт хэд хэдэн суманд 20 ортой эмнэлэг, 150 хүүхдийн дотуур байрны барилга төсөвлөгдсөн. Мэдээж хүн амын тооноос шалтгаалах ч суманд 20 ортой эмнэлэг хэзээ ч бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй гэдгийг иргэд хэлж байгаа юм. Сайндаа 5-10 ор нь л ашиглагддаг гэжээ.
Сумын төвд 150 хүүхэд дотуур байранд амьдрана гэдэг ч бас эргэлзээтэй. Мөнөөх л Жинст сумын 150 хүүхдийн байранд 40 хүүхэд амьдарч байгаа жишээ давтагдана гэсэн үг.
Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын дүүргүүдийн Засаг даргын тамгын газар өндөр өндөр барилгад тухлах болсон. Ажилтан албан хаагчдынхаа тооноос давсан олон өрөөтэй барилгаа дүүргэхийн тулд орон тоогоо ил далд элдэв аргаар нэмдэг.
Төсвийн хулгайтай зэрэгцсэн Төрийн өмчит компаниудын луйвар
Монгол Улсад төрийн өмчит 500 гаруй аж ахуйн нэгж бий. Тэдгээрийн дийлэнх хувь нь алдагдалтай, ашиггүй ажилладаг. Удирдлагын ийм урагшгүй ажиллагаа, менежментийн чадваргүй байдалтай зэрэгцэн тэнд хулгай нүүрлэсэн газар. Хэрэв жаахан ашигтай ажилласан бол хэдэн эрх мэдэлтнүүд нь дотоод журам гэсэн луйврын зохицуулалтаараа хуваагаад хүртчихдэг олон жишээ нийгэмд ил болоод байгаа.
Жилдээ 200 гаруй сая төгрөгийн цалин орлогтой захирал хүүхдийнхээ сургалтын зардлыг байгууллагаасаа төлүүлсэн явдал Г.Ёндон сайдаас эхэлсэн бол Эрдэнэт үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн хүртэл өндөрөө авав. Төрийн өмчит компаниудын захирлын энэ мэт “хууль ёс”-ны луйвар сүүлийн үед нийгмийг хамгийн их бухимдуулж байна. “Хууль ёс”-ны гэж тодотгохын тухайд гэвэл Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд туссан урамшуулах заалтыг төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлууд дотоод журамаараа баяжуулан тэтгэж, хэмжээ хязгаарыг нь хэдэнтээ нэмж авшиг ашиг хүртдэгийг хэлж буй хэрэг.
Төсөв хүрэлцэхгүйдээ биш, оновчтой бус хуваарилалт, үр ашиггүй, хулгай, хариуцлаггүйгээс төсвийн хомсдол Монголд нүүрлэдэгийн олон жишээ бий.
Д.Гэрэл