Улсын онцгой комисс өнөөдөр (2021.03.08) хуралдав. Тус хурлаас гарсан шийдвэрийн талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийлээ. Хурлаас дараах шийдвэрийг гаргажээ. Үүнд:
- Бүх нийтийн хөл хорио тогтоохгүй байхаар шийдвэрлэлээ. Харин шаардлагатай газруудад хязгаарлалт тогтооно.
- Вакцинжуулалт маргааш буюу 9-ний өдрөөс өргөн хүрээтэй эрчимжиж эхэлнэ. Өдөрт 15-20 мянган хүнийг 85 цэгт вакцинжуулах юм байна.
- Халдвар хамгааллын дэглэм, түүнд тавих хяналтын зөвлөмж өгнө.
- Мөн маргааш 15800 хүнд вакцин хийнэ.
- Түүнчлэн орон нутаг руу чиглэсэн нийтийн тээврийн хөдөлгөөнийг хязгаарлахгүй юм байна.
Шадар сайд С.АМАРСАЙХАН:
-Гуравдугаар сар болон дөрөвдүгээр сард нийслэлийн насанд хүрсэн иргэдийг бүрэн вакцинжуулна. Вакцинжуулалттай холбоотойгоор иргэдийг мэдээллээр хангана. Вакцинжуулалтыг аюулгүй, эрсдэлгүй явуулж, гүйцэтгэхийг үүрэг болгосон. Үзвэр, үйлчилгээний газрууд бүгд халдвар хамгааллын дэглэмээ баримтлан ажиллаж байна. Энэ үүргээ биелүүлээгүй газруудад хариуцлага тооцно. “Нэг хаалга нэг шинжилгээ”-ний үр дүн тодорхой гарсан байна. Хөл хорио тогтоогоогүй бол халдварын тоо 6500 буюу өнөөдрийн байдлаар хоёр дахин их болох байсан.
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ц.ГАНЗОРИГ:
-Гуравдугаар сарын 4-нөөс дөрөвдүгээр сар хүртэл нийт 17 тоглолт төлөвлөгдсөний 90 гаруй хувь нь цуцлагдсан. Үлдсэн 10 хувь нь танхимын 50 хувийн дүүргэлттэйгээр үйлчилгээ үзүүлж байна.
Эрүүл мэндийн сайд С.ЭНХБОЛД:
-Гуравдугаар сард 508 мянган хүн, дөрөвдүгээр сард үлдсэн хүмүүсийг вакцинжуулна. Маргааш “Улаанбаатар цахилгаан түгээх станц”, Орон сууц цэвэрлэх байгууламж, Хил хамгаалах ерөнхий газар, Дотоод хэргийн их сургууль зэрэг газрын ажилчдыг вакцинжуулна.
Гуравдугаар сарын 10-наас худалдаа, үйлчилгээний байгууллагын ажилчид, гуравдугаар сарын 11-нээс багш боловсролын байгууллагынхан вакцинд хамрагдана. Дүүрэг бүрт вакцин хийх 10-15 цэг байгуулсан. Хүн амыг бүрэн вакцинжуулахад 4.5 сая вакцин хэрэгтэй. Вакцины тээвэрлэлт төлөвлөгөөний дагуу явж байна. Долдугаар сард хүн амаа бүгдийг нь дархлаажуулна.